
Ер нь шинэ жил гарах дөхөхөөр болон он солигдох мөчид салют, тэсрэх бодис худалдан авсан иргэд янз бүрийн гэмтэл авах тохиолдол гардаг. Уржинан жил л гэхэд салют, тэсэрч дэлбэрэх бодисоос болж зарим иргэд гар, хуруугүй болж, түлэгдсэн хэргүүд гарсан. Тэгвэл энэ жил эл төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ахлах байцаагч, Цагдаагийн ахмад Н.Төгсбаяраас тодрууллаа. Тэрбээр “Наймаа эрхэлдэг хүмүүс шинэ жил дөхөхөөр Хятадаас янз бүрийн салют, тэсэрч, дэлбэрдэг зүйл авчирдаг байгаа. Гэтэл тухайн салют зэрэг нь техникийн шаардлага хангаагүй, стандартын бус байдаг. Тухайлбал 16 буудах ёстой салют дутуу 12 бууддаг. Ийм тохиолдолд иргэд маань салют гүйцэд буудсангүй гэж бодон эл салютыг эргүүлж харах, араас нь цохих байдлаар ханддаг. Эсвэл тэсэрч, дэлбэрэх бодисууд арай өөр хийгдсэнийг мэдэлгүй өөрсдийнхөө аюулгүй байдалд халдах нөхцөл байдлыг үүсгэдэг. Ер нь тэсэрч дэлбэрсэн тохиолдлуудыг шалгахад дандаа гар дээрээс худалдаалагдсан байдаг. Тиймээс иргэд аюулгүй байдлаа хангаж зохих зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудаас салют худалдаж авч, шаардлагатай нөхцөлд мэргэжлийн хүмүүсийг авч ажлуулах шаардлагатай” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/