Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид Хууль зүйн яамны гадаа суулт зарлаж байна. Тэдний хохирлын 50 хувийг одоо хүртэл барагдуулаагүй байгаа бөгөөд хуулийн төсөл санаачилсан ч хэлэлцээгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс 30 гаруй иргэн энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүсч Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хандан ийнхүү суулт зарлаж байна. УИХ-аас Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийг 2007 онд баталж, Засгийн газар хохирлыг барагдуулах журам тогтоосон. Энэ хүрээнд өнгөрөгч онуудад төсвөөс 36 орчим тэрбум төгрөг гарч 7397 хохирогчдод олгосон байдаг. Үлдсэн хохирлыг ирэх оны төсөвт суулгаж, барагдуулна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хохирогчидтой уулзахдаа амлаж байсан. Мөн энэ хэргийг шийдүүлэхээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэсэг гаргахаар болсон ч сүүлийн үед сураг тасарсан юм.



















































