
Энэ талаар “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэрээс зарим зүйлийг тодрууллаа.
-“Сант” сургуулийнхантай сургуулийн зүгээс танайхтай гэрээгээ цуцалсан гэсэн. Яг ямар үндэслэлээр цуцалсан бэ?
-Өнгөрсөн аравдугаар сарын 24-нийг хүртэл бид өргөтгөлийн ажлыг хийж байсан ч “Сант” сургуулийн зүгээс танайхтай байгуулсан гэрээрээ цуцаллаа. Өнөөдрөөс ажилчдыг чинь ажлын талбайруу оруулахгүй, цалингийг чинь мөн өгч чадахгүй. Та бүхэн шүүхэд хандаад аваарай гэсэн. Улмаар маргаашнаас нь бид бүхнийг ажлын талбайруу оруулахаа больсон. Уг нь тус сургууль бидэнд энэ бүхнээ бичгээр албан ёсоор мэдэгдэх ёстой.
-Тэдний зүгээс ямар шалтгаанаар танайхтай хамтрахаа зогсоосон бэ?
-Өргөлтгөлийн ажил хугацаандаа амжихгүй байна гэсэн. Уг нь гэрээндээ 2014 оны нэгдүгээр сарын 15-нд байхаар зааж өгсөн байдаг. Гэтэл хоёр давхар хасагдсанаас болоод хугацааг наашлуулсан.
-Та бүхний зүгээс “Сант” сургуулиас одоо ямар шаардлага тавьж байна. Цаашдаа яах вэ?
-Бидний байгуулсан гэрээ маань хүчинтэй байгаа эсэхийг лавласан албан бичгүүдийн хариуг өгөөч. Бид бүхний ажлын хөлсийг өг. Энэ ажлын хөлсийг өгөөгүйгээс манай компанийн ажилчид, туслан гүйцэтгэгч нар, мөн энэ өргөлтгөлийн ажилд бараа материалаа нийлүүлсэн компаниуд хохирч байна. Мөн “Сант” сургуулийн суралцагчид хохирч байна. Хэрвээ эл сургууль санхүүжилтээ цаг тухайд нь өгөөд манай компани ажлаа хийсэн бол өдийд тус сургуулийн өргөтгөлийг барьж дууссан байх байсан. Манай компанийн зүгээс Сүхбаатар дүүргийн шүүхэд “Сант” сургуулийг өгсөн.
-Ажлын гүйцэтгэл хэр явсан бэ?
-Одоогоор 80 хувийн барилгын ажлын гүйцэтгэл хийгдсэн.
Д.Ундрах /24tsag.mn/