
“Бороо гоулд” ХХК-иас өөрийн хөрөнгөөр барьж, монголын ард түмэнд бэлэглэж буй 150 эх, хүүхэд хүлээн авах хүчин чадалтай клиникийн нэгдүгээр амаржих газрын шинэ барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулсан юм.
“Бороо гоулд” ХХК нь 9,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн шинэ барилга, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлийг нийслэлийн өмчид бүртгэн авах ёстойгоос өнөөдрийн байдлаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас ирсэн Улсын комиссын акт, ажлын гэрээ, гүйцэтгэлийн төсөв зэрэг холбогдох материал нь ирсэн эхний ээлжийн 7 190 433 566 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн шинэ барилгыг нийслэлийн өмчид бүртгэх шаардлагатай байгааг хэлсэн юм. Үүнд эмнэлгийн барилга 11169 м2, гадна дулааны болон цэвэр бохир усны шугам, дизель станц, асфальтобетон зам, явган зам, зүлэгжүүлсэн талбай, эмнэлгийн гаднах гэрлэн хаяг зэргийг багтаж байгаа юм. Энэхүү шинэ барилга нь 2013 оны 6 сарын 15-ны өдрөөс ашиглалтад орж, эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар барилгын 5 давхарт орчин үеийн вакум хагалгааны 1, энгийн хагалгааны 2 өрөөтэй, 3, 4 дүгээр давхруудад 100 ортой эмэгтэйчүүд, 50 ортой нярайн эмчилгээний хэсэгтэй, 2 дугаар давхарт параклиник, ариутгал, эмийн сан, хурлын заал, сургалтын танхимууд, 1 дүгээр давхарт амбулатори, хүлээн авах, зоорийн давхарт ажилчдын цайны газар, хувцас солих өрөөнүүд, угаалга, дезкамер гэх мэт зохион байгуулалттайгаар ажиллаж байна.