
Хүн амын эрүүл насжилтийг дэмжин, настны эрүүл мэнд, халамж, хамгаалал, нийгмийн оролцоог сайжруулан ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас баталж, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг жил бүрийн төсөв болон гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт даалгалаа.
Хүн амын эрүүл насжилтыг дэмжих хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, настны эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, настны хөгжил, хамгаалал, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх, эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг настны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлнэ гэж хөтөлбөрт тусчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.