Энэ сарын 7-ны Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Гашуунсухайт дахь гаалийн ажилтнуудын хүнд суртлаас болж, экспорт, импорт удааширч, гаалийн боомтын нэвтрүүлэх чадвар хангалтгүй байгааг онцолж, Гаалийн Ерөнхий газрын даргыг үүрэгт ажлаа сайн хийхийг үүрэгдэж, болохгүй бол ажилтнуудаа халж, шинэ хүмүүс ажиллуулахыг үүрэгдсэн. Тиймээс ГЕГ-ын дарга О.Ганбат, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга О.Даваасүрэн нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн дээрх мэдээллийг нягталж төрийн ажил цалгардуулж байгаа ажилтнууддаа арга хэмжээ авахаар өнгөрсөн долоо хоногт Гашуун сухайт дахь боомтод ажилжээ. Ингэхдээ тэд тус боомтын ажилтнуудыг сольж, оронд нь ажиллах хүмүүсийг авч явсан байна. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уг боомтоор манай улсын 225, БНХАУ-ын 395 машин нүүрс тээвэрлэдэг юм байна. Машиныхаа тооноос хамаараад өдөртөө 80-170 машин нүүрс гаргадаг аж.
Гашуун сухайт боомтод ажил удааширсаны учир нь хүн хүч бага, ажиллах нөхцөл үнэхээр хүнд байсантай холбоотой гэдгийг ГЕГ-ын дарга нар биеэр ажиллаад мэдсэн байна. Тиймээс энд халаа, сэлгээ хийгдэх нь битгий хэл харин ч ажил хийх нөхцлийг нь улам сайжруулахаар болоод буцжээ. Харин Замын-Үүд дэхь Гаалийн газрын удирдлагуудыг сольж орны хүнийг нь томилсон байна.
Үүнд Замын-Үүдийн гаалийн газрын дарга Д.Баярмагнай, Хяналт, эрсдэлийн удирдлага хариуцсан орлогч дарга Б.Баттогтох нар өнгөрсөн дөрөвдүгээр сард энд томилогдож иржээ. Д.Баярмагнай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Гаалийн газрын даргаар томилогдож, оронд нь Замын-Үүд дэх гаалийн газрын даргаар ГЕГ-ын Татвар, тарифын газрын дарга Д.Гэндэнцэвээнийг, Хяналт, эрсдлийн удирдлага хариуцсан орлогч даргаар ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх хэлтсийн байцаагч Р.Бямбааг, Татвар, бүрдүүлэлт хариуцсан орлогч даргаар ГЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн байцаагч Б.Доржсүрэн нарыг тус тус томилжээ. Харин 557 залуугаас авсан хатуу шалгалтыг давж, өөрийн чадвараараа шигшигдэн үлдсэн 47 залуу энэ сарын 18-нд ажлаа хүлээж авах юм байна.



















































