Бүтэн өнчин болон хагас өнчин хүүхдүүдийг асран хамгаалдаг хүүхэд, гэр
бүл хөгжлийн “Өнөр бүл” төв өчигдөр шинэ барилгаа хүлээн авлаа.Өнөөдрийн байдлаар “Өнөр бүл” төвд 02-18 насны бүтэн өнчин, хаягдмал, хараа хяналтгүй нийт 175 орчим хүүхэд сурч хүмүүжиж байгаа бөгөөд өмнө нь төвийн хүүхдүүд сонирхсон секц, дугуйландаа суралцах анги танхим байгаагүй юм. Харин дээрх шинэ төвийг хүлээлгэн өгснөөр урлаг, спортын бүхий л дугуйланд хүүхдүүд хамарч, оюун болоод биеэ хөгжүүлэх боломж нээгдсэн байна.
Тухайлбал уг төвд сэтгэлзүйн нөхөн сэргээх, эрүүл мэндийн үйлчилгээ, хууль, эрхзүйн тусламж, мэдээлэл зүй, хичээлийн хоцрогдлыг арилгах албан бус сургалт, зураг технологийн дугуйлан, гар урлалын сургалт, бүжиг, дуу хөгжим, хөдөлмөр технологийн дугуйлан, спорт, чийрэгжүүлэлтийн үйлчилгээ үзүүлэх юм.
Энэ төвийн нээлтэд оролцсон ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ "Бид эхний ээлжинд амьдрах хуучин байрыг иж бүрэн зассан. Үүнд нийтдээ 400 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж өгсөн. Унаа машины асуудлыг бас шийдэж өгсөн. Дээр нь энэ “Хүүхэд хамгаалал, хөгжлийн
ордон”-ыг үндсэндээ 1 тэрбум орчим төгрөгөөр барьж, маш богино хугацаанд ашиглалтад орууллаа. Өнгөрсөн хавар эхэлсэн энэхүү барилга оны өмнө ашиглалтад орсонд баяртай байна. Доторх тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэгээс эхлээд бүх асуудлыг нь шийдэх хөрөнгийг бас олгож өгсөн" гэв.Үргэлжлүүлэн тэрээр ирэх онд "Өнөр бүл" төвд сургуулийн хүүхдийн автобусны дулаан гаражаас эхлээд хүүхдүүдэд зориулсан иж бүрэн спортын ордонг 1 тэрбум 200 сая төгрөгөөр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа дуулгасан юм. Спортын ордонг байгуулах зураг төслийг нь аль хэдийн бэлэн болгож хөрөнгө мөнгийг нь батлуулсан байна. Түүнчлэн тус төвийн харьяа цэцэрлэгийг иж бүрэн засаж, тохижуулж ажилд оруулахаас гадна Хандгайт дахь “Хараацай” зусланг 280-аад сая төгрөгөөр засч ашиглалтад оруулна гэдгээ энэ үеэр хэлж байлаа.
Н.Анар



















































