
“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг хуурамч бичиг баримт бүрдүүлэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний буюу 109 сая ам.доллар залилж, дээрх үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү бичиг баримт хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. Түүнийг өнгөрсөн наймдугаар сараас хойш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм. Тэгвэл Ш.Батхүүгийн биеийн байдал муудсан тул цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгээс Нэгдүгээр эмнэлэгт шилжүүлсэн юм. Тодруулбал, III шатлалын эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай гэдэг эмчийн дүгнэлт гарчээ. Тэрээр хамгаалалт дор эмчлүүлж байгаа бөгөөд эмчлэгч эмч, сувилагчаас өөр хүнтэй уулзуулахгүй байгаа гэнэ. Мөн гар утас хэрэглүүлэхгүй, хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчаас зөвшөөрөл авч хэн нэгэн уулзах боломжтой байгаа аж. Өөрөөр хэлбэл, гурван цагдаагаар харгалзуулж байгаа Ш.Батхүү хорих ангид үйлчилдэг бусад дүрэм, журмаар эмнэлэгт ялаа эдэлж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)