
Ноён Мурат Карагөз нь Монгол улсад элчин сайдын алба хашихаар 2013 оны 11-р сарын 16-ны өдөр албан ёсоор томилогдон ирсэн байна.
Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав уулзалтын эхэнд элчин сайд Мурат Карагөзид Монгол улсад томилогдон элчин сайдын хүндтэй албыг хаших болсонд баяр хүргээд цаашид бүх талаар хамтран ажиллахдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, БНТурк Улсын Ерөнхий Прокурор ноён Хасан Ирбалын урилгаар БНТурк улсад 2014 онд айлчлах боломжтой гэдгээ мэдэгдсэн юм.
Түүнчлэн монголын прокуроруудыг БНТурк Улсад хууль зүйн мастерын сургалтанд явуулах сонирхолтой байгаагаа хэлж, цаашид 2 орны прокурорын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахын зэрэгцээ УЕПГ-т Криминалистийн төв байгуулахад Туркын талаас туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа мөн илэрхийллээ.
БНТурк Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Мурат Карагөз хэлэхдээ: Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав хүлээн аван уулзаж байгаад баяртай байна. Монгол Улс Туркийн чухал найз болсон гэдгийг мэднэ. Хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлээд зогсохгүй хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжруулна гэсэн юм. Санамж бичгийн дагуу сургалт явуулахыг хүсэлт болгож байна. Энэ асуудалд ТИКА туслалцаа үзүүлэх болно.
Түүнчлэн Европын хамтын ажиллагааны гэрээнд Монгол Улсыг оролцуулахыг хүсэлт болгож байгаа байгаагаа ч хэлсэн юм. Харин уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий Прокурорыг тааламжтай цагтаа Турк улсад айлчлахыг урьсан юм.
Уулзалтанд Улсын Ерөнхий Прокурорын туслах Эрх зүйн туслалцаа гадаад харилцааны хэлтсийн дарга Г. Ганзориг байлцлаа.
Д.Ундрах /24tsag.mn/