Хүний эрхийн чиглэлээр ажилладаг Иргэний нийгмийн байгууллагуудаас гэр бүлийн хүчирхийлэл даамжирч, хүчирхийллээс улбаатай аймшигт хэргүүд өсч буй талаар болон 2005 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах бодит хамгаалалт болж чадахгүй байгааг дүгнэн, саяхан төр засагт хандаж шаардлага хүргүүлсэн билээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч энэ талаар тодорхой санал санаачлагууд гаргаж, холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн юм. Үүнтэй холбогдуулан дээрх санал санаачлагыг Монгол улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс дэмжиж, Улсын их хурал, Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, бүх ард түмэнд хандаж дараах уриалгыг гаргасан байна.
1. Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн оновчтой зохицуулалтыг яаралтай бий болгох;
2. Гэр бүлийн хүчирхийлэл нь хувь хүний асуудал биш, нийгмийн асуудал болохын хувьд иргэн, байгууллага, хамт олон нэг бүрийн оролцоо чухал учраас гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчдэг нийгмийн уур амьсгал, амьдралын хэвшил бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс



















































