
Хяналт шалгалтанд “Хос далай”, “Траст трейд”, “ЭМФ”, “Монгол фүүд”, “Вон март”, “Хүнс комплекс”, “Приком”, “Хаан хүнс”, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Дархан мийт фүүдс”, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдмийт” ХХК-иуд нийт 10 аж ахуйн нэгж хамрагдав. Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдийн өнөөгийн түвшинг тогтоох, мал нядлах, мах бэлтгэх, махан бүтээгдэхүүн боловсруулах үйл ажиллагааг олон улсын шаардлага, түвшинд ойртуулах, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр зах зээлийн хэрэгцээг хангах зохилгоор үйлдвэрүүдийн техник технологи, мал эмнэлэг, ариун цэврийн байдалд хянан магадлагааг хийж гүйцэтгэв.
Хянан магадлагаа явуулах ажлын хэсэг нь мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдэд “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 14.1.1, 14.1.2, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 9.1, 10.1.8 дэхь заалтууд, “Махны хяналтын дүрэм”-ийн 2-р бүлгийн 4, 6, 7, 8, 9, 5-р бүлгийн 10, 11-р зүйлүүдийн холбогдох заалтуудыг хангуулах, гарсан зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч, мэргэжил арга зүйн зөвөлгөө, зөвлөмж, ажлын хэсгийн хамтарсан 10 дүгнэлт гаргаж, 1 үйлдвэрт үйл ажиллагаагаа эхлэхээр дахин хүсэлтээ тавих талаар мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгчээ.
Энэ хүрээнд “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилт 95 хувь, “Хүнсний тухай” хууль 90 хувь, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль 85 хувь, “Махны хяналтын дүрэм” 90 хувь ба хууль, тогтоомжийн хэрэгжилт дунджаар 90 хувьтай байна.
Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангуулах, олон улсын түвшинд тавигддаг шаардлагыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх, ҮААХЯам болон бусад холбогдох газруудтай хамтран “Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдэд хянан магадлагаа хийх” журмыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх шаардлагатай байна.
Мал нядлах, мах боловсруулах, нөөшилсөн болон мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд зохистой дадал, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг төрийн бодлогоор дэмжих, бодлого зохицуулалтын арга хэмжээ авах шаардлагатай байна.
Д.Ундрах /24tsag.mn/