
“Монгол шуудан” ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 112 дугаар тогтоол, ТӨХ-ны 2008 оны 231 дүгээр тогтоолын дагуу хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь Монгол Улсын бүх аймаг, хотын 21 шуудан үйлчилгээний газар, сумдын 355 шуудан үйлчилгээний салбар, нийслэл Улаанбаатар хот дахь 39 шуудангийн үйлчилгээний салбар, шуудан ялган боловсруулах, солилцох 5 төвд нийт 840 гаруй ажиллагсадтайгаар шуудан холбооны 21 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэн явуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар дэлхийн 200 шахам оронтой шуудан, шуудангийн хамгийн шуурхай хэлбэр болох буухиа шууданг 40 оронтой солилцон ажиллаж байна.
Аймгуудын Шуудан үйлчилгээний газарт хийсэн санхүүгийн шалгалтаар зөрчилд 31,092.6 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоосны 16,831.2 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт, 1,204.2 мянган төгрөгийг нийгмийн даатгалын санд, 13,057.2 мянган төгрөгийг тухайн байгууллагын дансанд төлүүлэх буюу данс бүртгэлд тусгахаар шийдвэрлэж, 20,143.3 мянган төгрөгийн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна.
Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын Шуудан үйлчилгээний газарт хийсэн санхүүгийн шалгалтаар төлбөрийн акт тогтоогдоогүй байна. Орон нутгийн төсөвт 16,831.2 мянган төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон байна.
Д.Ундрах /24tsag.mn/