Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл газар авч үүний эсрэг Ерөнхийлөгчөөс эхлээд иргэний нийгмийн байгууллагууд хүртэл дуугарч эхлээд байгаа билээ. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон төрийн бус байгууллага ажил өрнүүлж байгаа. Тэдгээрийн нэг нь "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв" юм. Тус байгууллагаас "Хохирогчийг бодитой хамгаалах, шинэчлэлийг нэн даруй хийхийг шаардах тухай" албан бичгийг өнгөрсөн онд Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлсэн. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газраас цаашид гэр бүлийн хүчирхийлэлд анхаарлаа хандуулж ажиллахаа мэдэгдсэн хариуг "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв"-д ирүүлжээ. Тус байгууллагаас хүчирхийллийн асуудалд анхаарлаа хандуулж, санал боловсруулж, шийдвэрлэх үүрэгтэй ажлын хэсгийг байгуулсан байна. Мөн цаашид энэ тал дээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, шуурхай, идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ.

