
Тус байгууллага “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлангийн чанарт дөрвөн сарын хугацаанд мониторинг үнэлгээ хийжээ. Үнэлгээг хийхдээ тэд Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор аймгийн 29 малчин, 53 орон нутгийн удирдлага, зургаан үнэлгээний шинжээч зэрэг нийт 88 хүнийг судалгаанд хамруулжээ.
Судалгааны дүнгээс үзэхэд байгаль орчны нөлөөллийн тайлангийн агуулга нь иргэдэд ойлгомжгүй, иж бүрэн бус, иргэд хэрэгцээтэй чухал мэдээллийг олж авах боломжгүй гэж тэд дүгнэсэн байна.
Тиймээс тэд дээрх тайланд байгаль орчны асуудлаас гадна эрүүл мэнд, нийгмийн нөлөөлөл, түүнийг бууруулах арга хэмжээг тусгах, уул уурхайд оролцогч талуудын хооронд үүсч болзошгүй зөрчил, маргаан, түүнийг шийдвэрлэх арга замуудыг тусгах зэрэг олон давуу талтай зөвлөмжийг гаргажээ.
Мөн иргэдэд хамаарах, хэрэгцээтэй чухал мэдээллийг багтаасан хураангуй тайланг үнэлгээний компани хийж, орон нутгийн удирдлагаар дамжуулан тараах зэрэг аргаар тайлангийн мэдээллийг энгийн ойлгомжтойгоор хүргэх, ил тод хүртээмжтэй тараах саналууд гаргасан байна.