Монгол Улсын хээрийн цэргийн II шатны эмнэлгийн V ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Хойд Суданы Дарфур мужид явагдаж байгаа НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр өнөөдөр хүлгийн жолоо зална. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, ШШГЕГ, ЦЕГ, Зэвсэгт хүчний 17 ангийн төлөөлөл болсон энхийг сахиулах V ээлжийн цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Ж.Ганхуяг, орлогчоор нь дэд хурандаа С.Пүрэвдорж нарыг томилсон бөгөөд энэ удаа 68 алба хаагч үүрэг гүйцэтгэхээр явж байгаагийн 31 нь эмэгтэй аж.
Хойд Судан улсын Дарфур муж дахь манай улсын цэргийн хээрийн II шатны эмнэлгийнхэн 2010 оны арванхоёрдугаар сараас эхлэн НҮБ, Африкийн хамтарсан “UNAMID” ажиллагааны хойд секторын хариуцлагын бүсэд Рванда, Йорданий Вант Улс, Өмнөд Африкийн бүгд Найрамдах Улс, Синегал, Египет, Гамби, Сьерра-Леон, Танзани зэрэг улсаас энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчид, Кабкабияа суурингийн энгийн ард иргэдэд анхан шатны болон нарийн мэргэжлийн шаталсан тусламж, үйлчилгээ үзүүлжээ.



















































