Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. УИХ-ын дарга З.Энхболдын санаачлагаар Үндсэн хууль батлагдсаны 21 жилийн ойн өдөрт зориулан өнгөрсөн онд Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор орон даяар анх удаа зохион байгуулж, улмаар уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон билээ.Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах уламжлалт тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран УИХ-ын даргын ивээл дор энэ сарын 11-12-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнд Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцох юм.
Хоёр үе шаттай зохиогддог энэхүү тэмцээний эхний шатны шалгаруулалт өнгөрсөн 11 дүгээр сарын дундуур нийслэл болон бүх аймагт болж, нийслэлээс эрэгтэй 20, эмэгтэй 7, аймаг тус бүрээс эрэгтэй хоёр, эмэгтэй нэг, нийт 90 шатарчин дараагийн шат буюу Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх аваад байна. Эхний шатанд шалгарсан эдгээр шатарчид дээр УИХ-д ажлаа тайлагнагдаг байгууллагууд, Үндсэн хуулийн цэц, Ардчилсан Үндсэн хууль тогтооогчдын холбоог төлөөлсөн 30 шатарчин нэмэгдэж энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Сонирхогчдын шатрын улсын аваргын төлөө өрсөлдөх юм.
Дашрамд сонирхуулахад өнгөрсөн онд УИХ-ын даргын ивээл дор анхлан зохиогдсон энэхүү тэмцээнд Монголын шатрын холбооны шатарчин Г.Саран-Эрдэнэ 8 хожлоор тэргүүлж медаль, өргөмжлөл, нэг сая төгрөгийн бай хүртэж байсан юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.



















































