
Тодруулбал “Макс Өргөө” компанийн барилга дээрээс бэхэлгээний төмөр унаж хүний амь эрсэдсэн хэргийг шалгах явцад барилга угсралтын аюулгүй ажиллагаанд ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал дүүжинт өргүүрийг мэргэжлийн бус хүмүүс ажиллуулж байсан аж. Түүнчлэн барилгын ажилчид зориулалтын бусаар буюу их хэмжээний ачаа тээвэрлэн дээш өргөж байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.
Мөн энэ үеэр эдгээр зөрчилтэй ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй Мэргэжлийн хяналтын байгууллагын уялдаа холбоо хангалтгүй байгааг хотын удирдлагууд шүүмжиллээ. Учир нь МХЕГ-аас өнгөрсөн жилийн долоон сард зөвшөөрөлгүй байсан тус барилгын ажлыг зогсоох акт гаргасан байна. Гэтэл дүүргийн мэргэжлийн хяналтын газраас 10 дугаар сард очиж танилцах үеэрээ зөвлөмж өгөөд буцсан аж.
Хотын удирдлагууд тус барилгад өнгөрсөн жил нийслэлээс баталсан барилга угсралтын аюулгүй ажиллагааны тухай 75 тоот захирамжийг биелүүлсэн эсэхэд сайтар шалгалт хийхийг даалгасан юм.