Өнөөдөр уул уурхайн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой болон уурхайчдын баярын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан "Уурхайчдын улсын зөвлөлгөөн-2014" арга хэмжээг Уул, уурхайн яам, Ашигт малтмалын газар, уул уурхайн ассоциац хамтран өчигдөр зохион байгуулсан. Манай улсад энэ салбарт нийт 50 орчим хүн ажилладаг байна. Уг уулзалтыг Уул уурхайн сайд Р.Жигжид нээж үг хэлэхдээ "Уул уурхайн салбарыг олборлосон алтаар нь бус ажилласан хүний амьдралаар нь дүгнэнэ. Уул уурхайн яам 2014 оныг баяоаг бүтээгчдийн жил болгон зарлаж, алтны салбарт 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл, төмөрлөгийн салбарт "Чингис" бондоос 50 сая ам.долларын санхүүжилт олгуулжээ. Мөн энэ онд уурхайчид хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гаргаж, Монгол улсын түүхэнд нэг сая гаруй унц алт олборлож, 1.3 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг их наяд 300 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ" гэсэн юм. Уг зөвлөлгөөнийг цаашид жил бүр явуулах бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хороо байгуулахаар тохиролцлоо.
Т.Энхэлээ

























































