Өнөөх
“ад чөтгөр”-ийн балгаар хаа саагүй согтуу, хөлчүү хүмүүс хогтой
зэрэгцэн хэвтэж, иргэд ч түүнд нь хэдийн дасчихсан, хэвийн үзэгдэл
болжээ. Дэлхийд архины хэрэглээгээрээ толгой цохидог Монгол улсад
сүүлийн жилүүдэд архины үйлдвэрлэл үлэмж нэмэгдэж, түүнд тавих хараа,
хяналт ч улам бүр суларсаар байгаа нь нууц биш. Шуудхан хэлэхэд, жилээс
жилд архи, согтууруулах ундаанд тавих хяналт суларч байгааг төрийн
зөөлийн сэнтийд заларсан эрхэм түшээдүүдэй холбон тайлбарлаж болно.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан албан бус судалгаагаар
“Монгол Улсын насанд хүрсэн нийт хүний 67.5 хувь нь архийг хэтрүүлэн
хэрэглэж, залуу үе нь архин далайд хөвж яваа” гэх эмгэнэлтэй тоо, баримт
гарчээ. Архидалтыг багасгаж, хуулиа чангатгах байтал харин ч эсрэгээр
нь архины үйлдвэр, түүнийг борлуулж, худалдаалдаг дэлгүүрийн тоо нэмж,
зөвшөөрөл олгож байгаа нь харамсалтай. Бүр сүүлдээ ямарваа нэг
тэмдэглэлт баяр дөхөхөөр хуурамч архи үйлдвэрлэх, худалдаалах тохиолдол
цөөнгүй бүртгэгддэг болоод удлаа. Энэ төрлийн бизнес аажим аажмаар
хүрээгээ тэлж, газар авсаар.
Хамгийн ойрын
жишээ дурдахад, хууль хяналтынхан энэ сарын 23-нд нэгэн хүнсний
дэлгүүрээс их хэмжээний хуурамч архи хураан авчээ. Тодруулбал,
Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа
явуулдаг “Сүлд” гэх нэртэй хүнсний дэлгүүр чанарын шаардлага хангаагүй,
хуурамч архи зарж байсан нь тогтоогдсон байна. Эл дэлгүүрээс хэд
хоногийн өмнө тус дүүргийн иргэн Т хуурамч гэдгийг нь мэдэлгүй “Далай”
гэх нэртэй архи худалдан авсан аж. Тэрбээр өнөөх архиндаа хордож,
дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Харин иргэн Т-гийн
гомдлоор цагдаа нар “Сүлд” хүнсний дэлгүүрийн архинуудад шалгалт
хийснээр хуурамч архи зарж, борлуулж байсан нь илэрсэн байна. Тэд тухайн
дэлгүүрээс 0.5 градусын 60 шил “Далай” гэх гар аргаар найруулсан
хуурамч архи хураан авч, шинжилгээнд өгөөд байгаа аж.
Түүнчлэн
баярын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 2-р хороонд оршин суугч, 25
настай, эмэгтэй, иргэн Б Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул ОУХ төв
дээр GREY GOOSE архийг хуурамчаар үйлдвэрлэн зарж борлуулж байсныг
Хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын газрын алба хаагчид илрүүлэн
шалгаж эхэлжээ.
Гурван сая ч хүрэхгүй хүн амтай монголчуудын хувьд өнөөдөр архины
116, спиртийн 17, пивоны 22 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж, 6196
дэлгүүр хоршоо арх, согтууруулах ундаа зарж, борлуулдаг гэдэг бол яах
аргагүй ахадсан тоо. Ийн атал бусдын эрүүл мэнд, амь насыг үл тоон ашиг
хонжоо хайгчид урд хөршөөс хэдэн мянган тонн хужаа спирт, өвгөнт, архи
оруулж ирж байгаа нь харамсалтай. Түүгээр ч зогсохгүй тэрхүү гар аргаар
үйлдвэрлэсэн хуурамч архиа энгийн, номхон иргэддээ шахаж байгаа нь
цөөхөн монголчуудын хувьд үнэхээр том аюул юм. Хэдийгээр хууль, хяналтын
байгууллагаас архины талаар байнга сэрэмжлүүлэг өгдөг ч төдийлэн үр
дүнд хүрэхгүй л байна.
Нэг хэсэг УИХ-ын зарим
гишүүд архины хуулийг чангатгах зэрэг баахан хууль санаачилж явсан ч
эдүгээ амаа үдүүлсэн мэт дуугүй болцгоосон. Бодвол томоохон
үйлдвэрлэгчид эрхэм түшээдүүдийн амыг тагласан биз гэх харыг өөрийн
эрхгүй төрүүлнэ. Арга ч үгүй дээ, парламентийн зөөлөн сэнтийд заларсан
эрхэм гишүүдэд архи үйлдвэрлэгчид, архи үйлдвэрлэгчдэд архичид нь
шавхагдашгүй том капитал юм чинь. Ийм байхад хууль, хяналтынхан хэчнээн
сэрэмжлүүлээд үр дүнд хүрэхгүй байх нь аргагүй шүү дээ.
24tsag.mn


























































Сэтгэгдэл (5)