Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр үнэтэй зарим мэс заслыг энэ сарын 1-ээс санхүүжүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл энэхүү тушаал хэрэгжиж эхэлсэн эсэх дээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын Дэд дарга Х.Өлзийтогтохоос зарим зүйлийг тодрууллаа. -Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр үнэтэй зарим мэс заслыг санхүүжүүлэх ажил хэзээ хэрэгжиж эхлэх вэ?
-Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн хөнгөлөлтөд хамаарах Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 дугаар тушаал гарсан. Энэхүү тушаалд “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалт”-ыг батлан 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөхөөр шийдвэрлэсэн. Гэхдээ яг одоо хэрэгжиж эхлээгүй байгаа. Учир нь гурван сайдын хамтарсан тушаал гарч, албан ёсоор хэрэгжиж эхлэх учиртай. Манай байгууллага хэрэгжүүлэгч ангентлаг учир яг хэзээ хэрэгжиж эхлэх талаар мэдээлэл алга байна.
-Уг шийдвэр хэрэгжиж эхэлвэл ямар мэс заслууд эрүүл мэндийн даатгалаас санхүүжих вэ?
-Хэрэгжээд эхэлвэл даатгуулагч өндөр өртөгтэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тухайн мэс засалд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх юм. Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд дараах мэс засал хамаарагдана гэсэн. Тодруулбал, зүрхний төрөлхийн гажгийн, зүрхний олдмол гажгийн, зүрхний ишемит өвчний үеийн, артерийн судасны эмгэгүүдийн үеийн, тархи мэдрэлийн, бүдүүн шулуун гэдэсний, бөөрний, чих, хамар, хоолойн, гэмтэл, бэртлийн, ерөнхий, эрхтэн, хиймэл эрхтэн суулгах мэс засал зэрэг болно.
-Ийнхүү үнийн хөнгөлөлт үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас хэдий хэр төсөв шаардах тооцоо гарсан бол?
-Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, ортопедийн үнийн хөнгөлөлтөд Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулиар баталснаар эрүүл мэндийн даатгалын сангаас 13.4 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гаргсан гэсэн.
-Эрүүл мэндийн даатгалын сангаас 55000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байсныг өөрчилсөн гэж байсан?
-Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 дугаар тушаал ажил хэрэг болоод эхэлвэл даатгуулагч тухайн сард өвчний учир эмчийн заалтаар оношлогоо, шинжилгээ хийлгэх бол эрүүл мэндийн даатгалын сангаас 55000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байсан бол нэг удаад гурван сарын хэмжээтэй тэнцүү хэмжээгээр буюу 165000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой болно.
Д.Ундрах /24tsag.mn/



























































