Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах А/91 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь төслүүдийн салбар, Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа. Салбар тус бүрд шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг гаргасан байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ахалж, холбогдох албаныхан комиссын бүрэлдэхүүнд оржээ.

Концессын гэрээгээр гүйцэтгэх төсөл, хөтөлбөрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тухайн жилийн Эдийн засаг, нийгмийн зорилтод нийцүүлж ажиллахыг Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тооцож тухайн жилийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст даалгалаа. Нийслэлийн өмчийн концессын зүйлийн төслүүдийн зураг, төсвийн даалгавар, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газар, барилга угсралтын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газар, авто зам, гүүрийн барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг Авто замын газрын дарга, газар олголтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, бүртгэлд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газар, уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, концессын гэрээнд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

























































