Энэ сарын 26-ны Засгийн газрын хуралдаанаар тариаланчдаас дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд 70000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу ХХАА-н сайдын 1-р сарын 29 –ны өдрийн 11 тоот тушаал гарч тариалан эрхлэгч 908 аж ахуй нэгж, иргэдэд нийт 25 тэрбум төгрөгийн урамшууллыг аж ахуй нэгжүүдийн дансанд нь шилжүүлжээ.Манай улс 2014 оны ургац хураалтын дүнгээр 315,8 мянган га-гаас 518,7 мянган тонн үр тариа , үүнээс 489,4 мянган тонн буудай , 164,0 мянган тонн төмс, 102,2 мянган тонн хүнсний ногоо, 51,7 мянган тонн тосны ургамал, 40,3 мянган тонн тэжээлийн ургамал буюу улсын дунджаар га-гаас 16,6 цн үр тариа, үүнээс 16,9 цн буудай, 123,2 цн төмс, 122,9 цн хүнсний ногоо, 24,5 цн тэжээлийн ургамал, 6,4 цн тосны ургамал тус тус хураан авчээ.
Төрөөс стратегийн таримал болох улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2007 оноос улсад болон гурилын үйлдвэрт стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудай нийлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгож эхэлсний үр дүнд сүүлийн 6 жил дарааллан нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэж 13.2-16.9 цн-т хүрсний зэрэгцээ техник, тоног төхөөрөмж, үрийн шинэчлэл эрчимтэй явагдаж, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээ төлөвшиж, хураан авч байгаа ургацын чанар сайжирч байна.
Д.Ундрах /24tsag.mn/
























































