УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцлээ.Манай улс олон улсын шинэ нисэх буудал барих төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарган Япон улсын Засгийн газарт хүсэлт тавьсны дагуу тус улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр 2008 оны 1 дүгээр сард гаргаж, хоёр улсын Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрт мөн оны 5 дугаар сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан. Одоогийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал нь анх 1956 онд ЗХУ-ын тусламжаар барьсан бөгөөд 1994-1997 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөл хийж өнөөг хүртэл ажиллаж байгаа юм. Гэвч нислэгийн аюулгүй байдал болон ашиглалт, үйл ажиллагаатай холбоотой олон хүндрэлүүд гарч байгаа тул бүх бэрхшээлийг цогцоор шийдэх гарц нь олон улсын нисэх онгоцны шинэ буудал байгуулах явдал гэж үзсэн. Нисэх буудал байгуулах боломжтой газруудыг судалсаны дүнд Төв аймгийн Хөшигийн хөндийд нисэх онгоцны шинэ буудал байгуулахаар болсон бөгөөд олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор төрөөс дэвшүүлсэн бодлого зорилтууд хэрэгжих боломжтой гэж хаа хаанаа үзэж байгаа юм. Хэлэлцүүлгээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг төслийг дэмжсэнээр санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
























































