МоАХ-ны дарга асан Г.Бошигт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уулчлал хүсч өргөдөл гаргажээ. Тэрбээр 2013 оны хоёрдугаар сард 3-4-нд шилжих шөнө өөрийн төрсөн хүү Х-г хөнөөсөн хэрэг үйлдсэн. Тэрээр хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсгийг үндэслэн түүнд 10 жил, нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм.
Өдгөө 73 настай тэрбээр бие нь тааруу гэдэг үндэслэлээр Ерөнхийлөгчөөс уучлал хүсчээ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Уучлал хүссэн өргөдлөө албан ёсоор гаргасан. Г.Бошигт гуайн хувьд нас маш өндөр болсон. Эрүүл мэндийн байдал нь хүнд хэцүү, ялаа биечлэн эдлэх чадамж тааруу байгаа юм билээ. Тиймээс би энэ асуудлыг ойрын хугацаанд Ерөнхийлөгчид танилцуулна гэж бодож байгаа” гэж хэвлэлд ярьжээ.
Г.Бошигт нь Ардчилалын анхдагчдын нэг гэгддэг. МоАХ-ны даргаар ажиллаж байсан бөгөөд 1996-2000 онуудад Г.Бошигтын нэгдсэн хөдөлгөөнийг зохион байгуулж байжээ. Харин түүний хүү англи, орос хэлний орчуулагч нэгэн байсан аж.
Т.Энхэлээ
























































