Говьсүмбэр аймгийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтэстэй хамтран гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдон хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж хянан харгалзсан болон хугацааны өмнө тэнсэн суллагдаж, цагдаагийн байгууллагын захиргааны хяналтанд орсон ялтнуудтай уулзаж, тэдэнд Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэг мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 102, 103 дугаар зүйлүүдэд “тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ”, “Сум дүүргийн Засаг дарга ялтанд боловсрол, мэргэжил эзэмшихэд нь зохих туслалцаа үзүүлж, ялтны сахилга, шүүхээс даалгасан үүргийн биелэлт, засрал хүмүүжлийн байдлыг шалган танилцаж, шаардлагатай бол цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцоно” гэж заасан хуулийн заалтыг тайлбарлаж сурталчилсан байна.Тус аймгийн хэмжээнд хорих ял нь тэнсэгдсэн 33 ялтан байгаагаас энэ арга хэмжээнд тус аймгийн Шивээговь, Сүмбэр, Баянтал сумдад оршин суух хаягтай 19 ялтан хамрагдсан байна. Эдгээр ялтнуудаас Аймгийн хөдөлмөрийн хэлтсээр зуучлуулан 1 ялтан 2014 оны 3 дугаар сард Улаанбаатар хотод сүлжмэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компанид сүлжигч, ачигчаар ажилд орсноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд хуульд заасан урамшуулыг 2015 оны 3 дугаар сард авч болох талаар холбогдох мэдээллийг өгсөн байна. Мөн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтнийг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан насанд хүрээгүй этгээдтэй уулзуулжээ.
Энэхүү уулзалт арга хэмжээний үеэр аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид захиргааны хяналтанд байгаа ялтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дээрх байгууллагуудаас дэмжлэг үзүүлж, хүмүүнлэгийн арга хэмжээ авахаар болсон нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн ажил болсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/
























































