Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр өгөх замаар стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлж авах боломж бүрдсэн. Энэ өөрчлөлт Оюутолгой ордод хамаарах уу гэдэг асуудал хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь “Оюутолгой ордод энэ өөрчлөлт эргэж үйлчлэхгүй. Төр хувь эзэмших замаар стратегийн ордын хувь заяаг шийддэг байсан бол одоо өсөн нэмэгдэх рояалтын татварыг өөрчилж, орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидний өмнө олон хувилбар бий болж байна” гэж ярьжээ.
























































