Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Шинжлэх ухааны академи, Иргэний нийгэм ТББ-ууд хамтран Ноён уулын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүд Ноён уулаа аврах уриалгыг гаргаж тэмцэж байгаа юм. Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд ОХУ-д айлчилсан. Энэ айлчлалын үеэр Санктпетрбург хотын Эрмитажийн музейг үзэж сонирхоход доод давхарт нь Ноён уулаас олдсон Казловын археологийн ховор үзмэрүүдтэй танилцсан. Эдгээр дурсгалыг судлах талаар тухайн үеийн Ерөнхийлөгчтэй ярилцсан” гэв.
Мөн Ноён уул, Хүннүгийн үеийн булшийг ухаж хөндөхгүй байх Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа гэв. Хэрвээ ухаж хөндөх юм бол мэргэжлийн хүмүүс хийж, холбогдох зардлыг нь даах, олдсон олдворыг нь орон нутгийн музейг баяжуулж, аялал жуулчлал хөгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна гэлээ.
Харин орон нутгийн зүгээс иргэдтэй уулзаж, санал аваагүй гэдгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү хэлж байлаа. Тэрбээр "Хуулийн дагуу эхлээд нутгийн удирдлагуудтай уулзаж, санал бодол солилцох ёстой. Гэтэл бидэнд огт мэдээлэл ирээгүй. Тийм учраас бид иргэддээ мэдээлэл өгч чадаагүй" гэсэн юм.
Гацууртын ордыг стратегийн ордод хамруулснаар “Сентарра гоулд” компани тус уурхайд олборлолт явуулахаар болсон. Гэсэн ч нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд эсэргүүцэж байгаа юм. Учир нь Гацууртын орд нь Ноён уулын ойролцоо оршдог бөгөөд ойр орчимд нь Хүннүгийн үеийн булш бунхан, түүхийн дурсгалт олдворууд олноор байдаг аж. Тиймээс түүхийн үеийн булшнуудыг сүйтгэнэ хэмээн үзэж байгаа юм.
Харин албаныханы тайлбарлаж байгаагаар Гацууртын орд олборлох газарт ямар ч түүхийн булш бунхан байхгүй гэдгийг хэлж байна. Хүннүгийн үеийн булшнаас Гацууртын орд нь 7 км-ийн зайд оршиж байгаа аж. Тиймээс олборлолт хийгдээд эхлэхэд булш бунхан хөндөхгүй гэдгийг хэлж байлаа
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Уул уурхайн ажил иргэдийн саналгүйгээр явахгүй. Тиймээс иргэдийн саналыг сонсох ёстой. Яагаад иргэдтэй уулзаагүй талаар “Сентарра гоулд” компанийнханаас тодрууллаа. Тус компани “эхлээд ордыг ашиглах уу үгүй юу гэсэн төр засгийн шийдвэр гарч байж дараа нь иргэдтэйгээ уулзаж санал солилцож, төсөл хөтөлбөрөө танилцуулж, төслийн хүрээнд сум орон нутагт ямар ажил хийх талаараа танилцуулах ёстой. Түүнээс биш сургаар ингэнэ, тэгнэ гэж ярьж болохгүй байсан. Саяхан л ашиглах шийдвэр гарсан учраас удахгүй төсөл хөтөлбөрөө нутгийн иргэдэд танилцуулна” гэв.
Т.Хулан

























































Сэтгэгдэл (8)