Цаг уур, орчны шинжилгээний газраас Монгол орны нийт бүс нутгаар 2014-2015 оны өвлийн улиралд хур тунадас харьцангуй бага, мөн 2015 оны 1, 2 дугаар улиралд олон жилийн дунджаас хур тундас бага, хуурайшил идэвхтэй явагдах цаг агаарын урьдчилсан мэдээ гаргасан байна. Үүнтэй холбогдуулж Улсын онцгой комиссын дарга, МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүхийн гаргасан “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын талаар МУ-ын Шадар сайдын зөвлөх Н.Учрал, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар нарын албаны хүмүүс мэдээлэл хүргэлээ. Улсын хэмжээнд 2015 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Төрхурахын аманд ойн түймэр, ОХУ-д хээрийн түймэр гарсны улмаас Дорнод аймгийн Дашбалбар суманд 2015 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр хээрийн түймэр улсын хил давж орж ирсэн зэрэг нь аймаг, орон нутагт хуурайшил ихтэй түймрийн тоо, давтамж нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна гэв.Иймд 2015 онд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, ажлын чанар үр дүнг дээшлүүлэх зорилгоор Шадар сайдын зүгээс Улсын онцгой комиссын гишүүн, БОНХАЖ-ын сайдад, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга нарт, Батлан хамгаалахын сайдад, Цагдаагийн ерөнхий газрын даргад, Хил хамгаалах ерөнхий газрын даргад, Улсын онцгой комиссын дэд дарга, ОБЕГазрын даргад тус тус албан даалгавар хүргүүлсэн аж.
Хуурайшлын улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй яам, агентлагууд нь хяналт, шалгалт, сэрэмжлүүлэг, ухуулга сурталчилгаагаа хангалтгүй хийснээс түймрийн давтамж нэмэгдэж, үүний уршгаар хүний амь нас эрсдэх, байгаль, экологи болон иргэдийн өмч хөрөнгөд учрах хохирлын хэмжээ нэмэгдсээр байгааг анхааруулж сонор сэрэмжтэй ажиллахыг Шадар сайд албан даалгавартаа тусгасан байна.
























































