Засгийн газрын тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх болсон.Уг шалгалтад хэмжээст оноогоор 400 ба түүнээс өндөр оноо авч байж ЭЕШ-д орох эрх нь нээгдэх бөгөөд өмнөх онд төгссөн бүртгүүлэгчид www.eec.mn хаягаар орж Монгол хэл бичгийн шалгалтдаа энэ сарын 9-нөөс өмнө, ЭЕШ-даа дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө амжиж бүртгүүлэхийг анхаарууллаа. Учир нь, бүртгэлийн хугацааг сунгахгүй, дахин бүртгэл явуулахгүй юм байна. Мөн бүртгэлийн хуудсаа хэвлэж аваад Боловсролын үнэлгээний төв дээр ирж гарын үсэг зуруулж баталгаажуулахыг сануулав.
Сурагчид бүртгүүлэхдээ ямар нэг алдаа гаргахгүй байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд сануулж байна. Хэрвээ мэдээлэлд алдаа гарсан бол бүртгэл дуусахаас өмнө Боловсролын үнэлгээний төвд ирж засуулах боломжтой аж. Мөн өмнөх оны шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвд энэ сарын 20-ноос өмнө очиж хэл бичгийн шалгалтын бүртгэлийн хуудсаа баталгаажуулах хэрэгтэй гэлээ.
Т.Энхэлээ
























































