Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, Монгол залуу хүн Үндэсний хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. Мөн 2015 оныг "Залуучуудын хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж байгаа юм. Энэ хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачилан НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр "Залуучуудын хөгжлийн бодлого" Зүүн бүсийн хэлэлцүүлгийг энэ сарын 3-ны өдөр Дорнод аймагт зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн зорилго нь төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, зорилтод бүс нутгийн залуучуудын болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын дуу хоолой, санал санаачлагуудыг тусгах, улмаар тодорхой санал, зөвлөмж гаргах юм. Хэлэлцүүлэгт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Залуучуудын хөгжлийн хэлтэсийн дарга Г.Мөнхтөвшин болон албаны бусад төлөөлөгчид, Дорнод, Хэнтий , Сүхбаатар аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн залуучуудын төлөөллөөс бүрдсэн 40 гаруй залуучууд оролцсон байна.
Бүсийн хэлэлцүүлгийн зорилгыг хангахад дараах зорилтууд чиглэгдэж байна. Үүнд:
Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж ирсэн бодлого, арга хэмжээний үр дүнгийн талаар авч хэлэлцэх;
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын төсөлд залуучуудын хөгжлийн талаар туссан зорилтуудын талаар хэлэлцэх;
Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогыг чиглэлээр тодорхой санал, зөвлөмж гаргах;
Залуучуудын хөгжлийн асуудлаарх бүх талын үүрэг, оролцоог тодорхойлох, салбар дундын зохицуулалт, талуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааны талаар санал солилцох;
Энэхүү уулзалт, хэлэлцүүлэгийг зохион байгуулснаар төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого болон Монгол залуу хүн үндэсний хөтөлбөрттодорхой санал, зөвлөмж гарахаас гадна уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчид салбарын яамны зүгээс залуучуудын хөгжлийн таалаар дэвшүүлж буй бодлого, үйл ажиллагаанд өөрсдийн дуу хоолой, үзэл бодлыг тусгах, харилцан санал солилцох боломж бүрдэх юм.
























































