Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар нар Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн төрийн өмчит аж ахуйн түүгийн үйл ажиллагаатай танилцлаа.Тус хүрээлэн 2015 оны хувьд 1 тэрбум 263 сая төгрөгийн орлоготой байхаар ажлаа төлөвлөжээ. Энэ 2015 онд “Эрчим хүчний салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх ойрын болон дунд хугацааны хөтөлбөр” боловсруулах, БНХАУ, Монгол Улсын хооронд эрчим хүч экспортлох, импортлох эдийн засгийн судалгаа хийх, “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” олон улсын хурал, АСЕЙМ-ын дээд хэмжээний уулзалтыг угтаж Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр олон улсын зөвлөлдөх уулзалт гэх мэт томоохон төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Амарсанаа "Манай хүрээлэнгийн эзэмшиж байсан байр актлагдсан тул суурин дээр нь шинэ байр барихаар зураг төсөл нь хийгдсэн. Энэ жил барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна” гэв.
“Цаашид ЭХЯ-ны шинжлэх технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлуудад хөндлөнгийн шүүмжлэгч, шинжээчийн үүргийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гүйцэтгэж байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хийгдэх ажил нэмэгдсэнээр Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн санхүүгийн чадавхи ямар нэгэн хэмжээгээр нэмэгдэнэ гэж харж байгаа” гэж Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар хэллээ.
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гэдэг маань нэрийг нь авч үзэхээр Эрчим хүчний салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх судалгаа, шинжилгээний ажил эрхэлж санал дүгнэлт гаргаж ЭХЯ-ийг шинжлэх ухаан , технологийн сүүлийн үеийн мэдээллээр хангаж байх ёстой байгууллага байх ёстой. Энэ тал дээр анхаарлаа хандуулж, Эрчим хүчний салбарыг алдагдлаас гаргахад чиглэгдсэн тооцоо судалгаа хийж, ойрын хугацаанд санал дүгнэлт,гаргах хэрэгтэй” гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт хэллээ.

























































Сэтгэгдэл (1)