Нийтийн тээврийн жолооч, кондукторууд өнөөдөр 06.00 цагт хуучнаар
Автобус-1 компанийн хашаанд ажил хаялт зарлах талаар мэдэгдсэн. Тэгвэл жолооч, кондукторууд ажил
хаялтаа ирэх баасан гариг хүртэл буюу 3 хоногоор хойшлуулахаар шийдэж,
ажилдаа гарлаа.Тэд үндсэн цалингаа 35-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Учир нь “Автобус 1” ОНӨҮГ-ын удирдлагууд жолооч, кондукторуудын үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн тул ажилчид ажил хаях шаардлагаа эргэн харахаар болжээ. Мөн “Автобус 2”, “Автобус 3” ОНӨҮГ-уудын удирдлагууд ч мөн цалинг тодорхой хэмжээгээр нэмэхийг ажилтнууддаа амалсан байна. Жолооч кондукторуудын зүгээс цалинг 35-аас доошгүй хувиар нэмэхийг шаардаж байгаа тул талууд ирэх баасан гаригт эцсийн тохиролцоонд хүрэхээр болжээ.
“Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” баазын ажилтнуудын зүгээс тарифын хэлэлцээрийг мөрдөхийг шаардаж байгаа. Энэхүү хэлэлцээрт ажилтнууд цалингийн 70 хувь үндсэн, 30 хувь нь шагналт цалин байх ёстой гэж заасан. Гэтэл одоо цалингийн 40 хувь нь үндсэн, 60 хувь нь шагналт цалин болчихсноос ажилтнууд хохирч байгаа аж. Орлогын төлөвлөгөөг биелүүлэхгүй бол 60 хувийн цалин авахгүй байна. Одоогоор автобусны жолоочид 1.1 сая төгрөг, кондуктор 700 мянган төгрөгийн дундаж цалинтай байгаа юм.
Т.Сар

























































Сэтгэгдэл (1)