УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг илгээлээ. Учир нь Р.Бурмаа сайд УИХ-ын үйл ажиллагааг үл хүндэтгэн удаа дараа ёс зүйгүй зан гаргасан гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үзэж байгаа аж.
Тодруулбал, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ өгөх, бодлогыг шинэчлэн боловсруулж хаврын чуулганы хугацаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан байгуулжээ. Уг ажлын хэсэг хоёрдугаар сарын 24-нд хуралдаж дээрх бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийж, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд удирдамж болгон өгөхөөр болжээ. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн дэд ажлын хэсэгт үүрэг даалгавар өгч биелэлтийг гуравдугаар сарын 6-нд товлосон ажлын хэсгийн хуралдаанаар сонсож хэлэлцэхээр төлөвлөжээ. Гэтэл уг хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөллүүд ирээгүй төдийгүй салбарын сайд Р.Бурмаа Н.Номтойбаяр гишүүнтэй утсаар холбогдож "Яамны ажилд битгий садаа бол, би яамны мэргэжилтнүүдээ наад ажлын хэсэгт чинь явуулахгүй" гэж мэдэгдсэн аж.
Харин энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, бусад төрийн байгууллагын албан тушаалтнууд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөллийг бүтэн цаг хүлээж байгаад арга буюу тарсан байна. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ болон төрийн ажлыг үл хүндэтгэсэн сайдад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч, байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийг хэвийн ажиллах нөхцөлөөр хангахыг Ерөнхий сайдад илгээсэн албан бичигтээ онцлон дурджээ.
Тэрбээр "Энэ ажлыг хугацаанд хариуцлагатай маш сайн гүйцэтгэх ёстой. Гэтэл салбарын сайд нь бидний ажилд саад болж байна" хэмээж байна.
Р.Бурмаа нь Хүнс, хөдөө аж, ахуйн сайд болсноосоо хойш тариалан эрхлэгчдээс эхлээд салбарынхныхаа дургүйг хүргэсэн олон шийдвэрийг гаргасан гэдэг. Жишээлбэл, дотоодод хангалттай буудай байхад ОХУ-аас 20 тонн Улаанбуудай импортлох шийдвэрийг гаргаж тариалан эрхлэгчдээ зах зээлээс шахаж гаргах үйлдлийг гаргасан гэж тус салбарынхан үзэж буй. Мөн нөөцийн мах үйлдвэрлэгчид ч Р.Бурмааг эсэргүүцсэн удаатай. Тэд Р.Бурмаа сайдыг ярьсан, хэлснээ хэрэгжүүлдэггүй улс төрд гаргадаг туйлбаргүй зангаа Монголын хөдөө, аж ахуйн салбарт гаргаж байна гэж байгаа юм.


























































Сэтгэгдэл (21)