Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү нар өнөөдөр “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн Ноот бичигт гарын үсэг зурлаа.Уг төслийн хүрээнд Япон улсын Засгийн газраас Монгол Улсад 41.8 сая иен буюу 690 сая төгрөгийн үнэ бүхий 16 тоног төхөөрөмжийг соёлын буцалтгүй тусламж болгон олгох юм.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, “Өнөөдөр Япон улсын Засгийн газар Монгол улсад 25 дахь удаагийн соёлын буцалтгүй тусламжаа олгож байна. Өнгөрсөн хугацаанд Япон улс нэг тэрбум 560 сая иен буюу 25.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгосон. Монгол Улсын соёлын дархлаа болох түүхийн үнэт үзмэрийг хадгалах, хамгаалах, судлахад тусламж үзүүлж байгаад Япон улсын Засгийн газарт талархаж байна” гэлээ.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү, “Одоогоос дөрвөн жилийн өмнө Япон улсад газар хөдлөлт болж, их хэмжээний хохирол учирсан. Тэр үед Монголын Засгийн газар, ард түмний зүгээс Япончуудад чин сэтгэлийн тусламж үзүүлж байсныг бид хэзээ ч мартахгүй.
Манай улс Монголын соёлын өвийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн. Тухайлбал, 2012 оноос ЮНЕСКО дахь Японы сангаар дамжуулан хэрэгжүүлсэн “Биет бус соёлын өвийг хамгаалах төсөл”, “Музейн боловсон хүчний бэлтгэхэд тусламж үзүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байна. Мөн Японы Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжаар Өвөрхангай аймагт “Хархорин” музей байгуулсан. Япон, Монголын төрийн тэргүүнүүдийн баталсан “Стратегийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-т түүх соёлын өвийг ард түмэнд сурталчлан таниулахаар заасан. Үүнд өнөөдрийн гарын үсэг зурсан төсөл ихээхэн үүрэг гүйцэтгэж, Монгол Улсад аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэж үзэж байна.” гэв.
Энэ үеэр Сангийн сайд Ж.Эрдэнэбат болон “JICA”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сато нар “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа.
























































Сэтгэгдэл (1)