Сүмо бөхийн их аварга М.Даваажаргал өнөөдөр 30 нас хүрч байна. Монголын үндэсний бөхийн түүхэн их аварга Ж.Мөнхбатын хүү М.Даваажаргал нь өнгөрсөн сард 33 түрүү авч Японы сүмо бөхийн дээд амжилтыг эвдсэн. Түүний уг амжилтыг Монголын төр Хөдөлмөрийн баатар цолоор мялаасан билээ.
2001 онд Наран ургах арлын Япон оронд очиж, их сүмод хөл тавьсан М.Даваажаргал энэ хугацаанд маш олон дээд амжилтыг сүмо бөхийн ертөнцөд тогтоож чаджээ. Тухайлбал, 33 удаа Японы Эзэн хааны цом хүртсэн (Хакүхогийн дараа 32 удаа түрүүлсэн Тайхо, 31 удаа түрүүлсэн Чиёнофүжи), нэг жилийн 90 барилдааны 86-д нь давсан (Хакүхогийн дараа 84 барилдаанд давсан Асашёорюү Д.Дагвадорж), 11 удаа нэг ч уналгүй түрүүлсэн, богино хугацаанд хамгийн олон түрүүлсэн болон долоон башё дараалан түрүүлсэн амжилтыг Асашёорюү аваргатай хамт эзэмшдэг зэрэг хамгийн том рекорд амжилтуудыг тогтоосон. Мөн 63 удаа дараалан давсан нь түүхэнд хоёрт бичигддэг. Өмнө нь домогт их аварга Футаяама 69 барилдаан дараалан давж, энэ рекордыг эзэмшдэг юм.
Т.Сар























































