ОХУ манай улсын иргэд харилцан 30 хоногийн хугацаатай визгүй зорчих хэлэлцээр хийгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон дариуд 503 хүн Монголоос Орос руу зорчиж, зөрөөд 300 гаруй орос манайх руу ирсэн нь өмнөх зоригсдоос 50 хувиар нэмэгдсэн гэхэд болно. Энэ бол зөвхөн визгүй болсон дариуд орсон, гарсан хүний тоо. Тэгвэл өнөөдрийн хугацаанд мянга мянган хүн ОХУ-ыг зорьж, манай улсад орж ирээд байна.Уг нь Оросын хил 1995 оныг хүртэл монголчуудад өнөөдрийнх шиг нээлттэй, визгүй байсан. Манайхан тэндээс орос мебель авчрах гэж, савхи, тарваган малгай, хятад бараа оросуудад "шахах" гэж вагон дүүрэн явдаг байсан. Ганзагын наймаачид, Орост сурсан оюутнууд энэ үеийг сайн мэднэ. Харамсалтай нь, тэр жилүүдэд эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн. Москвад очсон монголчууд нэгнийгээ дээрэмдэж, залилж, аминд нь хүрч, дээрэм тонуул хийж, танхайрсан. Ингээд П.Жасрайн Засгийн үед монголчууд өөрсдөө визтэй зорчих хүсэлтээ ОХУ-ын талд тавьж, зөвшөөрүүлсэн юм. Удсан ч үгүй 1998 оноос буцаад Орос руу явахад визгүй болгож өгөхийг эрх баригчдаас хүсч эхэлсэн. Удаан жилийн хүсэл, улс төр, эдийн засгийн тохироон дээр ийнхүү 16 жилийн дараа харилцан визгүй зорчихоор болсон юм. Мэдээж энэхүү шийдвэр эдийн засгийн асар их өгөөжтэй. Гэвч сайны хажуугаар болгоомжлоход илүүдэхгүй эрсдлүүд гарсаар байгааг албаныхан онцолж байна.
Мэргэжилтнүүдийн тооцолж байгаагаар ойрын жилүүдэд ОХУ-аас манайд ирэх жуулчдын тоо огцом өсөн 200 мянгад хүрнэ гэж харж байгаа. Орос визгүй болсноор тийшээ явж худалдаа наймаа хийх хүний тоо олширно. Чанартай бараа бүтээгдэхүүн орж ирэх боломж нэмэгдэнэ гэж найдсан.
Гэтэл манай улсын иргэд ОХУ-аас гарал үүслийн бичиггүй, шинжилгээнд хамруулаагүй архи, спирт оруулж ирэх нь нэмэгджээ. Визгүй болсонтой холбогдуулж шагийн наймаачид ил, далд хэлбэрээр архи тээвэрлэн орж ирсээр байгаад цагдаагийн байгууллагаас сэтгэл зовниж байна.
Өнгөрсөн долоо хоногийн ганцхан өдрийн шалгалтаар л гэхэд ОХУ-аас архи оруулж ирж нууцаар, гар дээрээс зарж байгаа хэд хэдэн шагчдыг илрүүлж шалгаж байгаа аж. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Архидан согтуурахтай тэмцэх тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Дунжидаас тодруулахад “Шагчид сүүлийн үед замбараагаа алдсан байна. Энэ нь архидалт далд хэлбэрт орж байна гэсэн үг. Хүнсний дэлгүүрүүд 23:00 цагт үйл ажиллагаагаа зогсоодог. Гэтэл шагчид машиндаа архиа аваад дэлгүүр, автобусны буудлууд дээр зогсдог болжээ. Тухайлбал, Багшийн дээд, Хөдөө аж ахуйн яам, Модны 2, Бичил, Гэмтлийн эмнэлгийн автобусны буудал дээр шагчид байрладаг болчихож. Шагчид бүр далд хэлбэрт орж, бүлэг болсон байна. Шагийн наймаачид ОХУ-аас архи оруулж ирж зарж байна. Шинжилгээний бичиггүй, дотор нь юу байгаа нь ч тодорхойгүй архиуд ОХУ-аас оруулж ирж зарсаар байгааг онцолмоор байна. Нийслэлийн хэмжээний бүх дүүргүүдэд “Шаг” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, шагчидтай эрчимтэй тэмцэж эхлэхгүй бол хүрээгээ тэлсээр байгааг үгүйсгэхгүй. Ганцхан өдөр явж цөөхөн хэдэн цэгүүдийг шалгахад нийт найман шагчдыг илрүүллээ. Иргэдэд хандаж хэлэхэд, стандартын шаардлага хангаагүй архийг гар дээрээс худалдан авч болохгүй” гэв.
Энэ мэт зөрчлүүд ихээр гарч гэмт хэрэгтнүүд хяналтгүй олноор орж ирэх нөхцөл байдал ч үүсээд байгаа юм.
Цаашлаад ОХУ одоогийн батлагдсан судалгаагаар, зургаан сая хар тамхи хэрэглэгчтэй. Тэнд 2010 оноос хойш 90 мянган хүн мансуурч нас бараад байгаа. Тэгвэл ийм хэмжээний хар тамхидалттай орноос манайхан юуг нь ч дуурайж, юуны төлөө ч явж мэдэх цаг үе тулж ирчихээд байгаа юм.
Тоо баримтаас үзэхэд, 2004 оноос хойш манай долоон иргэн ОХУ-д хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байжээ. Тэндээ 2004 онд нэг эмэгтэй 14 жил, 2009 онд нэг залуу зургаан жилийн ял шийтгүүлсэн тохиолдол бий. 10 жилийн хугацаанд Монголын дөрвөн иргэн хорих ял шийтгүүлсэн юм байна. Харин Монголд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгасан оросууд байхаас биш ял шийтгэсэн нь сүүлийн 10 жилд үгүй.
Монголын гаальд хүний ачаа тээш шалгадаг л рентгэн бий. Хар тамхины, галт зэвсгийн зэрэг бусад улсад байдаг шиг төрөлжсөн рентгэнүүд байхгүй. Галт тэрэгний рентгэн боомт дээр тавина гэж ярьж байгаад хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй байтал визгүй зорчих өдрүүд ийн эхэлчихсэн юм. Энэ мэт асуудлыг хаа хаанаа бодолцохгүй бол удахгүй Монголд визгүй болсоноос үүдэлтэй гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байгааг эх сурвалжууд хэлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (12)