Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоол, Архангай аймгийн ИТХ-ын 2014-оныг Бодит ажил –Бодит үр дүн- гийн болгон зарласан хөтөлбөр зэрэгтэй уялдан иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэх зорилготой явуулын нэг цонхны үйлчилгээ Архангай аймгаас хэрэгжиж эхэллээ. Хүний аюулгүй байдлын судалгааны төв ТББ, Монгол улсын Засгийн Газар, Швейцарын Засгийн газартай хамтран сүүлийн найман жилийн хугацаанд нэг цонхны үйлчилгээг орон даяар нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд УБ-хотын 9 дүүрэг ,21 аймаг ,9 сум 6 хороонд нэг цонхны үйлчилгээ нэвтэрч, хэвийн ажиллаж эхэлсэн бол сүүлийн нэг жилийн хугацаанд 21 аймагт хэрэгжүүлэх боломжтой явуулын нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх тухай санал болоод шаардлагатай материалыг аймгуудаас авчээ. Тухайн төслийг хэрэгжүүлэхэд Архангай, Ховд аймгууд санаачлагатай ажиллаж , орон нутагтаа ийнхүү тусгай хэрэгслээр тоноглогдсон явуулын үйлчилгээний машинтай болсон байна. Энэхүү явуулын нэг цонхны үйлчилгээний машин нь 88 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд орон нутгийн хөгжлийн сангаас үнийн дүнгийн 40 хувийг төлж байгаа ажээ.2014 оны Бодит ажил –Бодит үр дүн-аяны хүрээнд нэг цонхны үйлчилгээний төвийг аймаг,сумын хэмжээнд нэвтрүүлэн үйл ажиллагааг жигдрүүлэх, цагийн хуваарийн дагуу иргэдэд чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс орон нутаг хөгжлийн сангаас 250 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна. 





















































