БОНХАЖЯ, Монголын аялал жуучлалын холбоо хамтран зохион байгуулдаг аялал жуулчлалын “International Travel Mart-2015” үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 21-22-нд “Мишээл экспо”-д болно.Үзэсгэлэнгийн талаар БОХНАЖ-ын Сайдын аялал жуулчлалын зөвлөх Б.Галбадрах, Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Батнасан, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Ариунчимэг нар мэдээлэл хийлээ.
1999 оноос хойш зохион байгуулж буй аялал жуулчлалын хамгийн том эл үзэсгэлэн нь аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, бизнесийн шинэ түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг боломж бүрдүүлж өгдөг.
Энэ жилийн хувьд Монгол Улс дэлхийн хамгийн томоохон аялал жуулчлалын “ITB Berlin-2015” үзэсгэлэнгийн албан ёсны түнш орноор оролцсоны дараах аялал жуулчлалын шинэ улирлын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд зохион байгуулж буйгаараа илүү ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.
Үзэсгэлэнд 21 аймгийн Аялал жуулчлалын газрын дарга мэргэжилтнүүдээс гадна Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Архангай, Хэнтий, Төв, Булган зэрэг аймаг нэгдсэн зохион байгуулалттайгаар, 130 орчим аж ахуйн нэгж, байгууллага бие даан оролцох юм. Харин үзэсгэлэнгийн түнш аймгаар Архангай аймаг ажиллаж байна.
Үзэсгэлэнгийн үеэр шилдэг талбайн тохижилттой байгууллага, үзэсгэлэнг ирж сонирхсон зочдоос азтай үзэгчийг шалгаруулж, үзэсгэлэнд орж буй байгууллагуудын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулах аж.
Дэлхий нийтэд "Утаагүй үйлдвэрлэл" хэмээн онцгой үнэлэгдэх болсон байгаль орчинд ээлтэй, орон нутагт өгөөжтэй аялал жуулчлалын салбарын хөгжлийн төлөө хамтран ажиллаж, дамжихийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.





















































