
Хил залгаа орнуудад хамтарч гамшгийн эсрэг тэмцэх, гамшгийн хор хөнөөлийг арилгах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажил цөөнгүй байгааг Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Иргэний хэргийн сайд Ли Лигуотой уулзах үеэрээ хэллээ. Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож байгаа Шадар сайд У.Хүрэлсүх бага хурлын үеэр зарим улсын сайд, олон улсын байгууллагын удирдах албан тушаалтнуудтай уулзсаны нэг нь ноён Ли Лигуо байлаа.
Гамшиг болсны дараа хор уршгийг арилгах, аврах, яаралтай тусламж үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь чухал ч гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах талаар иргэд олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, эрсдлийг бууруулахад анхаарч ажиллах нь илүү үр дүнтэй талаар сайд нар уулзалтынхаа үеэр хөндөн ярилаа. Монгол Улс ойрын хугацаанд Эрэн хайх, аврах олон улсын дунд түвшний багтай болохоор зорьж байна. Харин тус улсын Эрэн хайх, аврах баг нь хүн хүч, техник тоног төхөөрөмжийн чадавхийн хувьд дэлхийд дээгүүрт тооцогддог. Тиймээс хоёр орны онцгой байдлын байгууллагуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтэн солилцох талаар Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Иргэний хэргийн сайд Ли Лигуотой уулзахдаа ярилцжээ.
Сэтгэгдэл (3)