Сайдын 30 минут уулзалтад оролцохдоо Сангийн сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ Монгол Улсын өрийн удирдлагын бодлого, зохицуулалт хэд хэдэн хуульд салангид байдлаар туссан, хоорондоо уялдаа хамаарал муутай байсан бол өрийг удирдах, захиран зарцуулах, эргэн төлөх, тайлагнах, хяналт тавих үйл явцыг бүхэлд нь шинэчилсэн өрийн удирдлагын нэгдсэн зохицуулалт бүхий хуулийг батлуулсан гэв. Өрийн удирдлагын тухай хуулиар улсын өрийн тодорхойлолтыг Засгийн газрын шууд хянах боломжтой бүтцийн хүрээнд Засгийн газрын өр болгон өөрчилж, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өрийг Засгийн газрын өрд оруулахгүй байхаар тусгасан гэлээ.Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн зээлүүдээс үлдэх хэсгийг Засгийн газарт шилжүүлэн авах ажлыг мөн эхлүүлжээ. Монголбанкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн үлдэгдэл 2015 оны 6 дугаар сарын эцэст 535.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болохоор байгаа бөгөөд эдгээр зээлийг олгогдсон салбар, дэд хөтөлбөр бүрийн онцлогийг харгалзан хууль тогтоомжуудад нийцүүлэн Засгийн газарт шилжүүлэн авснаар Монголбанк хөтөлбөрийн зээл авах үйл ажиллагаанаас гарах юм.
Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна. Үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор зээлийн батлан даалтын сангаас 22.6 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байна. Үүний үр дүнд 2634 ажлын байрыг хадгалж, 1142 ажлын байр шинээр бий болсон гэж Сангийн сайд хэлэв.





















































