УДЭТ-ын уран бүтээлчид Уильям Шекспирийн “Гамлет” жүжгийг энэ сарын 22-23-нд дахин тоглох гэж байна. Жүжгийн найруулагчаар Н.Наранбаатар, туслах найруулагчаар Ч.Түвшин, ерөнхий продюсерээр Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Т.Төгсөө, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар ажилласан юм.Энэхүү жүжгийг дэлхийд анх удаа 1601 онд тайзнаа тавьсан гэх түүхэн баримт бий. Тэр цагаас хойш олон орны театруудад солиотой, хардагч, өшөө авагч гээд тоймгүй олон “Гамлет” амилсан. Харин Монголын үзэгчидтэй уулзах Гамлетыг хамгийн энгийнээр, хамгийн товчхоноор үнэнийг хайгч, үнэний эрэлч гэж найруулагч нь тодотгосон. Жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Ж.Оюундарь, А.Ганчимэг нар тоглох юм.





















































