Монгол улсын хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, тэмцэж буй арга техникийн талаар Мьянмарын улсын төлөөлөгчид сонирхлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Ч.Өнөрбаяр, Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян, Хэвлэл, мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг нар Монгол Улсад айлчилж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Мьянмарын талаас тус улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын ахлах зөвлөх Ко Ко Хлайн, хуулийн бодлогын ахлах зөвлөх Сит Ай И, улс төрийн бодлогын зөвлөх Най Зин Латт, Тан Свэ, хуулийн бодлогын зөвлөх Кин Мё Минт, эдийн засгийн бодлогын зөвлөх Сейн Хла Бо,Тин Тут Оо, эрүүл мэндийн бодлогын зөвлөх Нү Нү Та, ЕТГ-ын албаны захирал Тинт Свэ нар уулзалтад оролцлоо.
Уулзалтын үеэр Мьянмар улсын төлөөлөгчид Монголд 1990 онд эхэлсэн ардчилсан хувьсгалын туршлага, өнөөгийн байдал, Монгол Улсын хууль эрх зүйн орчин, ялангуяа хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэж буй арга техникийн талаар сонирхож байлаа.