Өнгөрсөн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр хуурамч цагаан будааны талаарх мэдээлэл цацагдаж, олон нийтийг төөрөгдөлд оруулаад байгаа билээ. Тодруулбал иргэд өөрсдийн хэрэглэж буй цагаан будаагаа шатааж үзэн хуурамч байна хэмээн шуугиад буй.
Тэгвэл энэ талаарх албан ёсны хариултыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас маргааш өгөхөөр болсон байна. Хуурамч цагаан будааны талаарх мэдээлэл өмнө нь нэг бус удаа гарч байсан. Тухайн үед МХЕГ-ын Хүнс хөдөө аж ахуйн хяналтын газраас “Хуурамч цагаан будаа худалдаалагдаж байна гэсэн өрөөсгөл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хуурамч цагаан будааны талаар мэдээллийг анх тараасан хоёр хүнтэй байгууллагынхаа албан ёсны фэйсбүүк, твиттер хаягаар холбогдох гэж оролдсон боловч нэг нь аккаунтаа устгаж, нөгөө нь ямар нэгэн хариу өгөхгүй бидэнтэй холбогдохгүй байгаа.
Манай байгууллагын зүгээс цагаан будааны талаар тарсан энэхүү өрөөсгөл мэдээлэл нь бизнесийн байгууллагуудын нэг нэгнийхээ зах зээлийг булаах гэсэн оролдлого гэж харж байна.
Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор таван иргэн хүнсэнд хэрэглэж буй будаагаа хэвийн эсэхийг шалгуулахаар манайд хандсан бөгөөд гурвыг нь лабораторид шинжилж үзэхэд хэвийн чийглэг, хэлбэр, хэмжээтэй стандартын шаардлага хангасан будаа болох нь тогтоогдсон. Хоёр хүний гомдлын дагуу будааг шинжлэх ажил үргэлжилж байгаа.
Будааны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг манай орны хувьд өмнө нь хуурамч гэгдэх будаа орж ирж байсан мэдээлэл байхгүй байна. Харин хадгалах хугацаа нь дуусах дөхсөн цагаан будаа орж ирэх тохиолдол гарч байсан" гэх тайлбарыг хийж байжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)