УИХ-ын гишүүдийг овгоор нь гэхээс илүүтэй "эрхэлдэг" бизнес, "баздаг" салбараар нь таньж мэдэх нь олонтаа. Энэ жагсаалт "Тэс"-ийн Б.Баттөмөр, "Тэсо"-ийн О.Цогтгэрэл, "Сод Монгол"-ын Ц.Анандбазар, "Сөүл"-ийн Д.Өнөрболор гэх мэтчилэн цааш хөвөрнө.
Хөлдүү буузаар иргэдийг "тархидаж", хөдөөгийн зураглалаар уянгалж, салхинд "цохиулсан" Д.Өнөрболор гишүүний хамаарал бүхий "Сөүл ХХК" хүүхдийн парк дотор нийтийн хоолны бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Харин Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилттой холбоотойгоор “Сөүл” рестораны 50 автомашины зогсоолыг чөлөөлөх асуудал яригдаж буй.
Хотын дарга Х.Нямбаатар бол түүнийг "эмэгтэй хүн" гээд зөөлөн хандаж, хэлээ хазаж яваа юм билээ. Атал нөгөө тал нь "шатаж" байна. БНСУ-ын Засгийн газарт хүртэл заргаа хүргэж байгаа тухай, тэндхийн хэвлэлээр цацахад бэлэн болчихсон байгаа тухайгаа компанийн удирдлага өчигдөр мэдэгдэлийнхээ үеэр дурдаж байх жишээтэй.
Тэгвэл "Сөүл" рестораны зүгээс Рио Тинто компанийн төслийн хүрээнд тарьсан модыг "цэвэрлэх" нэрийдлээр "тайрч" хаясан тухай албаны хүн хэлж байсан юм. Бүр мод нь өдөр өдрөөр, нэг хоёроороо ор сураггүй болдог байна. Нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх цөөхөн газрын нэгд бараг л "эзэн" суучихсан энэ компанийн мэдэгдэл сүрдүүлгийн шахуу өнгө аястай байсан нь гайхашрал ч төрүүлэх шиг.
Д.Сумъяабазар хотын дарга байхдаа урд талын авто зогсоолыг нь "алга" болгожээ. Үүнд халаглаж байсан ч 5 сар мээр асаны араас хөөцөлдөж байж, зөвшилцөж хойд талын зогсоолоо авч үлдэж. Гэтэл "шинэков" хойд талын авто зогсоолыг алга болгох гэж байгаад эмзэг байтугай сүйрэх мэтээр ярьж байна. Хотын дарга хоолны газрынх нь менежерт "7 хоногийн дотор машин тэргээ зайлуул" гэсэн байна. Үүнийг нэг хүний эрх мэдлээрээ далайлгасан, тэдний эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа явдал гэж "Сөүл" группынхан үзэж байгаа юм билээ.
Ашиг сонирхлын зөрчилтэй, хувьдаа бизнестэй хүмүүс төрийн толгойд суучихаар хаана, хаанаа амаа бариулж явах юм. Уг нь "эмэгтэй" гэж тунирхаж, туялзахгүй эрх тэгш хандах зарчим үйлчилмээр. Хөлдүү бууз чимхэж гайхашруулсан УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын "паян" авто зогсоолоор үргэлжлэх нь дамжиггүй боллоо.
Парктаа бид тайван, амгалан алхаж, уужуу тайвуу амьсгалмаар байдаг, атал тэнд нэг хүний цэлгэр уужим томхон шиг "зогсоол" нь сүйрчих гээд байдаг. Машингүй хүн үйлчлүүлж болдоггүй Сөүл ресторан тэнгэрт байрлавал яасан юм бол.
М.Жаргал
Сэтгэгдэл (17)