Аливаа улс орны тэгш, зөв хөгжлийн зүй ёсны асуудал бол байгаль орчныг бохирдлоос хамгаалах, хог хаягдал, утаа хийн ялгарлыг багасгах зэрэг багтдаг. Дээр дурьдсан бүх асуудлууд Монголд байгаа ч Улаанбаатар хотын агаарын бохирдол үнэхээр гамшгийн хэмжээнд хүрчээ. Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан судалгаанд Монголын агаарын бохирдлыг үүсгэж буй хүний үйл ажиллагаатай холбогдож байгаа дараах долоон зүйлийг нэрлэсэн байна. Үүнд: дулааны цахилгаан станц, уурын зуух, гэр хороолол, тээврийн хэрэгсэл, тоосжилт, хог хаягдал, эвдэрч элэгдсэн зам талбай зэрэг ордог.
Нэг литр бинзенээс 300-310 гр хорт бодис ялгардаг
Агаарын бохирдолд хамгийн сөрөг нөлөө үзүүлж буй зүйл нь дулааны цахилгаан станц, гэр хороолол болон автомашинууд юм. Улаанбаатар хотод гурван том дулааны цахилгаан станц ажиллаж жилдээ таван сая тонн нүүрс хэрэглэж агаарт хүхэр ба азотын исэл, нүүрсхүчлийн исэл, дэгдэмхий үнс, нүүрсхүчлийн хий зэрэг хорт бодисуудыг цацдаг байна. Нэг тонн нүүрс шатаахад угаарын хий 3,9 кг, хүхэрлэг хий 6,7 кг, азотын исэл 11,9 кг цацагддаг. Агаарын бохирдлын дараагийн нэг томоохон хүчин зүйл нь автомашины ялгаруулж буй утаа юм. 2012 оны байдлаар нийслэлд 180 мянган тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд 90 хувь нь бензин ашигладаг хөдөлгүүртэй юм байна. Нэг литр бинзен шатаахад 300-310 гр хорт бодис, нэг литр дизель түлшийг шатаахад 80-100 гр хорт бодис ялгардаг. Үүнээс гадна манай улсад хэрэглэгдэж буй дизель түлш, бензин нь хар тугалганы агууламжтай байгаа учраас хотын агаарыг бохирдуулах нэг гол шалтгаан болж байна. Нийслэлийн агаарын бохирдлыг багасгахад 2006-2009 оны хооронд нийт 7 тэрбум 673 сая төгрөгийг зарцуулжээ. 2006 он гэхэд 500 саяыг зарцуулж байсан бол 2007 онд 2 тэрбум 183 саяыг зарцуулах болтлоо өссөн байна. Гэвч зарцуулсан хөрөнгийнхөө хэмжээтэй зэрэгцэн агаарын бохирдол улам л нэмэгдсээр. Бид юугаар амьсгалж байна вэ?
Дээр нүүрс болон түлш бензиний агаарт ялгаруулах нөлөөллийг дурдсан. Харин эдгээр нь чухам хүний биед хэрхэн нөлөөлж ямар өвчний эх суурь болж байгааг тодорхой өгүүлье. Дэлхий дээр 55 сая хүн нас барж байгаагийн таван хувь нь буюу гурван сая орчим нь агаарын бохирдлын улмаас нас бардаг. Бидний хэрэглэж буй бензин, түлшинд агуулагдах хар тугалга нь хүний бараг бүх эрхтэн, эрхтний тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг орчныг бохирдуулагч хортой бодис юм. Хар тугалгыг “мэдрэлийн хор” гэж нэрлэдэг бөгөөд нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлтийг бууруулахаас гадна хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай юм.
Дизель, бензин, нүүрсний хамгийн ихээр ялгаруулж буй гурван хорт бодис нь хүхэрлэг хий, азотын исэл, нүүрстөрөгчийн хий гэх гурван бодис юм. Хүхэрлэг хий нь хортой ангилалд багтах бөгөөд амьсгалын замын эрхтэнүүд, уушгинд байнгын хор нөлөө учруулна. Энэхүү бодисыг ялгаруулан агаарыг бохирдуулж буй гол эх үүсвэрүүд нь нүүрс, бензин, дизель түлш, нефтийн гаралтай шатах, тослох материалуудын шаталт зэрэг юм. Нүүрстөрөгчийн давхар исэл нь шинж агуулгаараа хүхэрлэг хийтэй төстэй. Харин азотын исэл нь хорын аюулын ангилалаараа онцгой хортой төрөлд багтах бөгөөд агаар ба усны азотын хэмжээ ихсэж, хүний биеийн өсөлт, хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Энэхүү ислийг ялгаруулагч гол хүчин зүйл нь тээврийн хэрэгсэл, автомашинууд юм.
Улаанбаатарын агаар үхэлд хүргэх хэмжээнд хүрсэн үү?
Нийслэлийн агаарын чанарын албанаас хийсэн хөдөлгөөнт станцын өвлийн хэмжилтийг /2010 оны нэг сарын байдлаар/ нийслэлийн зургаан дүүрэгт хийсэн байна. Агаарын чанарын индексээр 301-500-н хооронд байвал түгшүүрийн нөхцөлтэй гэж тооцдог бөгөөд нийт хүн ам агаарын бохирдолд өртөх эрсдэлтэй гэж тодорхойлжээ. Харин энэ хэмжилтээр Баянзүрх дүүргийн Сансар хорооллын цахилгаан түгээгүүрийн хойд талд агаарын чанарын индекс 4000-д хүрсэн байна. Түгшүүрийн нөхцөлийн индексээс найм дахин илүү хортой нөхцөлд бид амьдарч байна. Үнэхээр Улаанбаатарын агаар үхлийн хэмжээнд хүрчээ гэхэд маргах зүйлгүй болжээ. Гамшгийн нөхцөлөөс хэрхэн гарах вэ?
Агаарын бохирдлыг бууруулах гэж ярихаа болиод яаж гамшгийн нөхцөлөөс хэрхэн гарах вэ? гэдэг асуудлын гарцыг олох гэж үзье. Нэгдүгээрт, бензин болон дизель хөдөлгүүртэй машинаас татгалзъя. Оронд нь цахилгаан, хийн хөдөлгүүртэй машинуудыг нэвтрүүлье. Үүнийг шийдэхийн тулд хорт хий ялгаруулдаг хуучны машинуудад өндөр татвар ноогдуулах мөн хийн хөдөлгүүртэй машинуудын гаалийн татварыг багасгах хэрэгтэй. Хоёрдугаарт, гэр хорооллыг цөөлөх, хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирэгсдийг тоог багасгах юм. Үүний тулд хөдөө орон нутагт амьдрах нөхцөлийг сайжруулах нь үр дүнтэй гэж судлаачид үзжээ. Дараагийн нэг чухал асуудал нь гэр хорооллын утааг хэрхэн багасгах вэ? гэдэг юм. Утааг багасгахын тулд нэлээд л арга хэмжээ авсан. Харин үр дүнгээ өгсөн нь ховор байна. Хэдий өртөг өндөртэй ч орон сууцжуулах асуудлыг ихэнхи хүн дэмждэг. Харин энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүй ч ядаж ажлаа эхэлчихсэн тодорхой зүйлүүд хийгдээд явж байгаа нь сайшаалтай. Бусад улс орнууд агаарын бохирдлын асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
Америк, Япон зэрэг үйлдвэрлэл хөгжсөн орнуудад агаарын бохирдол ихэссэнээс болж олон зуун хүний эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдол гарсан. Үүнтэй уялдуулан Японы Засгийн газраас түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, оронд нь хий болон шингэн түлш, цахилгааны хэрэглээг нэмэгдүүлжээ. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь бүгд хүйтний улиралд хүхэрлэг хийн хэмжээ ихэссэнээс болсон байна. Тухайлбал, Английн Лондон хотод 1952 оны 12-р сард дөрвөн өдрийн турш агаарын бохирдлын түвшин асар ихэссэнээс болж 4000 орчим хүн нас баржээ. Улс орнуудын агаарын бохирдлоо бууруулсан туршлагуудаас дурдвал,1. Түүхий нүүрсний хэрэглээг зогсоон, хийн түлшийг өргөнөөр хэрэглэдэг болсон.
2. Бохирдуулах бодис гаргаж буй эх үүсвэр бүрийг хяналтанд оруулсан.
3. Хотжилт болон хот төлөвлөлтийг шинээр зохион байгуулсан ба газар доогуур болон дээгүүр зам барих, нүхэн зам байгуулах гэх мэт арга хэмжээ авчээ.
Хэрэв Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулах ажилд тодорхой, дорвитой арга хэмжээ авахгүй бол 1952 онд Лондонд болсон аймшигт гамшгийн жишээ Монголд давтагдаж болзошгүй байна.
О.Эрдэнэчимэг