Тавантолгой түлш ХХК тендер зарлажээ. Тодруулбал, түлш савлах 25кг-ын шуудай худалдан авах аж. Тендерийг ирэх сарын 2-ны өдөр нээхээр төлөвлөсөн байна.
Санхүүжилтийн эх үүсвэр нь өөрийн хөрөнгө гэх ба нийт төсөвт өртөг 9,480,000,000.00 /Есөн тэрбум дөрвөн зуун наян сая төгрөг/.
Тухайн шуудай нь гадна орчны температур болон байгалийн нөхцөлд 90-120 хоногийн хугацаанд үжирч, муудахгүй байх бат бөх чанарыг хангасан байна. Мөн тээвэрлэлтийн үеийн ачих, буулгах 4-5 шат дамжлагын турш шуудай урагдахгүй, цоорохгүй тэсвэртэй байх, байгальд боломжит бага сөрөг нөлөөлөлтэй байх зэрэг шаардлагыг хангах учиртай байна. Түүнчлэн үйлдвэрийн нөхцөлд шуудайнд түлшийг савлах явцад дараах үзүүлэлтүүдийг туршин шалгадаг аж. Тодруулбал, савласан түлшний жинг шуудай дааж байгаа эсэх, орчны температур хүйтэн (-30°C хүртэл) орчинд түлш савлах туршилт хийх үед шуудай агших, хэлбэрээ алдах, механик чанар муудахгүй, шатахгүй байх ёстой. Мөн өндөр чийгшилтэй орчинд хадгалахад шуудай чийг шингээж муудах эсэхийг шалгадаг байна.
Савласан түлшийг 1–2 м өндрөөс 2–3 удаа унагааж шуудай урагдаж, цоорох эсэхийг турших ажээ.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой Түлш” ХХК үүсгэн байгуулагдсан байдаг.