VTV телевизийн зохион байгуулж буй ALL OR Nothing шоуны талаар хөтлөгч редактор И.Намуунтай уулзаж ярилцлаа.
-Сүүлийн үед VTV телевиз үзэгчдийн сайшаалыг хүртэл олон сонирхолтой шоу нэвтрүүлэг бэлтгэн үзэгчиддээ хүргэж байгаа. Одоо зохион байгуулж байгаа ALL OR Nothing шоуныхаа талаар уншигдад мэдээлэл өгөөч?
-VTV телевиз 9-р сарын 29-өөс эхлээд эфирээ цацаж эхэлсэн. 2015 оны хүрээнд хоёр том шоу төсөл дээр ажилласан. Эхний төсөл нь бол “Мастер тогооч” шоу. Энэ шоу маань аль хэдийнэ хүмүүст хүрээд дуусчихсан байгаа. Харин нөгөө төсөл маань ALL OR Nothing гээд шоу юм. 2015 оны 11-р сараас эхлээд бүртгэлээ авч эхэлсэн.
Бүртгэл нь явагдаад урьдчилсан шатны хоёр шалгаруулалт явуулаад, одоогийн байдлаар нэгдүгээр шатанд 50 оролцогч үлдээгээд тэр 50 оролцогчийнхоо видео дүрстэй клипийг хийгээд аль хэдийнэ телевизээрээ болон сошиалиар цацаад эхэлчихсэн байгаа. Ингээд цаашдаа долоо хоног бүрийн бямба, ням гарагийн 21.00 цагаас үзэгчдийн хүртээл болгоно.
-Шоуны ялагчдын шагнал үнэхээр сайхан санагдсан. Энэ талаар тодруулж яриач?
-Шоуны ялагч дэлхийн супер од Snoop Dogg-тай хамтарч дуулж, клип хийлгэх эрхтэй болж байгаа. Түүгээр ч зогсохгүй энэ шоуг дагаад маш олон шагналууд орж ирнэ гэсэн үг. Ер нь иймэрхүү дууны төрлийн тэмцээн монголд олон зохиогддог ш дээ. Тэрний Ялагчийнх нь шагнал зөвхөн монголдоо л байдаг. Харин манай тэмцээн бол дэлхийн хэмжээнд шууд гарах боломжтой болж байгаа. Бүх сайхан зүйлийн үүд хаалга нээгдэж байгаа гэсэн үг.
-Шоуны шалгаруулалт хэрхэн явагдаж байгаа вэ?
-Одоогоор бол яг 50 оролцогч байгаа. Энэ 50 оролцогчоосоо шалгаруулалтаа хийгээд 24 оролцогчийг үлдээнэ. Энэ 24 оролцогчоо зургаа зургаагаараа 4 продюсер дээр баг болж хуваагдаад продюсерууд нь оролцогчдийнхоо дууны сонголт, найруулга гээд бүх юман дээр хамтарч ажиллах юм.
-Тэгэхээр оролцогсод дуугаа өөрсдөө сонгохгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Оролцогчидоо бид дуугаа өөрсдөө мэдээд дуул гээд хаяж болохгүй. Дэлхийд танигдаж монголынхоо нэрийг цуурайтуулах уран бүтээлчийг бэлтгэх болохоор аль болох чадварлаг гэсэн 4 продюсерийг сонгоод тухайн оролцогчийн байж болох хэмжээгээр нь тултал нь бэлдэх зорилготойгоор ажиллаж байна.
-Нууц биш бол 4 продюсер хэн хэн гэж хүмүүс ажиллах бол?
-Хөгжмийн зохиолч, продюсер Чинбат, “Ocean Grey” продакшний Нацагаа, Ариука хоёр, “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки, Люмино” хамтлагийн ахлагч, продюссер МС буюу Д.Тэмүүжин нар ажиллана.
-Бусад шоунаас давуу тал нь нэгдүгээрт гадны тавцанд гарна гэж байна. Өөр бас давуу талаа тодотгоод хэлбэл? Бусад шоунаас юугаараа онцлог вэ?
-Одоо шалгаруулалтаар үлдэж байгаа 24 оролцогч маань 4 продюсертэй хамтарч ажиллана ш дээ. Тиймээс заавал ялагч болохгүй байсан ч гэсэн дуулах сонирхолтой энэ 24 оролцогчидод энэ боломж хэзээ ч олдохгүй. Үүнээс маш их зүйлийг сурч авна гэсэн үг. Оролцогч бүр бэлтгэгдэнэ.
-Шоуны ялагч хэзээ тодрох бол?
-Шоуны ялагчаа 5-р сарын сүүлээр тодруулаад, 7-р сар гэхэд Snoop Dogg-той хамтарсан дуу бэлэн болчихсон байна.
-Шоуны ялагчид хамтарсан тоглолт зохион байгуулах уу?
-Манай шоу нийт 7 үе шаттайгаар явагдана. Snoop Dogg-ийн продюсор D.C.A.T өөрөө монголд ирнэ. Шалгарсан 12 оролцогчтой уулзаад хийж байгаа дуунд нь яг ямар хоолой тохирохоор байна гэдгийг судлаад 4 продюсортойгоо ярилцаад байж болох гэсэн 8 оролцогчийг сонгоно. Энэ 8 оролцогчийг продюсорууд маань дахиж бэлдээд энэ дундаасаа шилдэг гэсэн нэг оролцогчийг сонгож авна. Тэр үеэр гала тоглолт болно.
-Тэгэхээр оролцогчид маань гадаад дуу дуулж байгаа юу?
-Ер нь бол ямар ч төрөл жанар заагаагүй. Гадаад дуу дуулж байгаа оролцогч байгаа, монгол дуу дуулж байгаа оролцогч ч байгаа. Мөн өөрсдийн зохиосон дуугаа дуулж байгаа бас уртын дуу ардын дуу дуулж байгаа оролцогч ч бас байгаа.
-Анх хэдэн хүн бүртгүүлээд хэд нь оролцсон юм бэ?
-Бараг 300-400 хүн бүртгүүлсэн. Тэгээд 2 шалгаруулалт явагдаад одоо 50 оролцогч үлдсэн байгаа. 50 оролцогчийн танилцуулга тус бүрийг видео бичлэгээр танилцуулсан байгаа.
-Энэ шоугаа дараа жил дахин хийх үү?
-Эхлээд энэ шоугаа зохиогоод үнэхээр амжилттай болвол цаашдаа хийж магадгүй. Ер нь бол өөр хамтлагтай харилцаа тогтоож байгаа. Хоёр жилд нэг удаа ч юмуу ийм байдлаар хийе гэсэн зорилготойгоор ажиллаж байна.
-Чиний хувьд энэ шоуны хөтлөгчөөр ажиллаж байгаа юу?
-Тийм.
-Та өөрийнхөө талаар танилцуулбал?
-Би бол сэтгүүлч мэргэжлээр төгссөн. VTV байгуулагдахаас өмнө V Studio-тай хамтран Фруттагийн реклам дээр хамтарч ажиллаж байсан. Тэгээд сургуулиа төгсдөг зун VTV-гээс ажиллах санал ирсэн. Өмнө нь хамтарч ажиллаж байсан болохоор нэг л дулаахан санагдаад саналыг хүлээж авсан. Анх бол юу ч мэдэхгүй л орсон. Харин сайхан хамт олны дунд ихийг сурч мэдэн ажиллаж байна даа. Би VTV-д анх ажил ороод “Өглөө хөтөлбөр”-ийг хөтөлбөрөөр үзэгчидтэйгээ учирсан. Харин одоо энэ шоун дээрээ редактор, хөтлөгчөөр ажиллаж байна.
- ALL OR Nothing шоу өөрийн чинь хийе гэсэн нэвтрүүлэг үү, телевизээс санаачилсан шүу юу?
-Телевизээс хийгдэж байгаа төсөл. Манай телевиз энэ төслийг хэрэгжүүлээд хийж эхэлсэн. Тэгээд намайг хөтлөгчийг нь хийгээд редактороор нь ажиллах уу гэсэн. Миний хуьд бол энэ их том боломж байсан учир телевизийн удирдлагуудын саналыг татгалзах зүйлгүй шууд хүлээж авсан.
-Өөрөө цаашид энэ чиглэлээрээ явна гэж бодож байгаа юу?
-Тиймээ. Сэтгүүлчээрээ ажиллана.
-Харин шоуны тал дээр?
-Тэрийг бол энэ шоуны ар дээр гарч байж л шийдэх байхдаа.
-Та аль сургууль хэдэн онд төгссөн юм бэ?
-Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2015 онд төгссөн.
-Оюутан байхдаа ажиллаж байсан уу?
-Үгүй.
-Сэтгүүлч мэргэжлийг сонгох болсон шалтгаан юу байв?
-Уг нь би жүжигчин болно гэж боддог байсан. СУИС-д орно гээд конкурст бэлддэг байлаа. Тэгээд яг СУИС орох гэтэл одоо цагт эмэгтэй жүжигчид цэвэр хөдөлмөрөөрөө гарч ирнэ гэж хэцүү болсон гээд хүмүүс яриад байхаар нь сэтгүүлч мэргэжлийг сонгосон. Тэгээд төгсөөд л VTV-д ажиллаж байна. Цаашдаа ч гэсэн ажиллана. Сэтгүүлч мэргэжил миний явах зам, VTV миний ажлын байр. Өөр ямар ч сонголт байхгүй гэж боддог шүү.
-Таны хувийн амьдралын талаар? Айлын хэд дэхь хүүхэд билээ?
-Би айлын ганц хүүхэд. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг.
-Гэр бүлийнхэн чинь сэтгүүлч болно гэхэд татгалзаж байсан уу эсвэл дэмжиж байсан уу?
-Манай ээж ер нь миний бүх зүйлийг дэмждэг. Жүжигчин болно гэхэд хүртэл дэмжиж байсан. Ер нь бүх юман дээр дэмждэг. Гаргаж байгаа санаа бүрийг минь ингээд үз, тэгээд үз, ямар гоё юм бэ, ингэе тэгэе гээд л аягүй чөлөөтэй ш дээ. Ээж охин хоёр гэхээсээ найзууд шиг байдаг.
-Оюутан байхдаа ямархуу оюутан байсан бэ? Сэтгүүлч мэргэжлийг сонгосноор хэцүү хүнд даваа байсан уу?
-Тийм мундаг оюутан бол бас биш байсан. Яг л хийх ёстой зүйлээ бол хийчихдэг л оюутан байсан. Мэргэжилдээ бол дуртай.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Ямар ч байсан урдах ажлаа сайн хийгээд, энэ төслийнхөө ард гарая гэсэн зорилготой байна. Үүний дараа энэ шиг олон том төслүүдийг хэрэгжүүлж, хүртээмжтэй илүү олон зүйлүүдийг хийх болно. Болж өгвөл бүр илүү сайн сэтгүүлч болно доо. Одоо бол дөнгөж эхэлж байна.
24tsag.mn Б.Энхжин
Сэтгэгдэл (5)