УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа. Ер нь Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлд ямар дүгнэлт өгч байна вэ. Хэлэлцүүлгийн үед ямар өөрчлөлтүүд орсон бэ?
-Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг Засгийн газрын өргөн барьсан төсвийг сайжруулахаар нэлээд ажилласан. Ажлын хэсэг хэд хэдэн зарчим барьж байгаа. Нэгдүгээрт, эдийн засгийг хямралаас гаргах, тогтворжуулахад 2017 оны төсөв чухал үүрэгтэй тул хугацаа алдах шаардлагагүй. Хоёрдугаарт, Төсвийн зардалд хамгийн хурдацтай нэмэгдэж байгаа, хамгийн санаа зовоож буй зардал болох 1.3 их наяд төгрөгийн зээлийн хүүг бууруулах, үүнтэй холбоотойгоор гаргах үнэт цаасны хэмжээг бууруулах. Гуравдугаарт, эдийн засгийн өсөлтөө хиймлээр өсгөдөг, төсвийн орлого, валютын ханшаа буруу тооцоолдог байсныг зогсоож, 2017 оны төсвийн тоо бүр бодитой, үнэн зөв болгох. Дөрөвдүгээрт, хувийн хэвшил, иргэд бүсээ чангалж байгаа энэ цаг үед төрийн байгууллагууд хэмнэлтийн бодлого явуулах ёстой гэсэн зарчим баримталж ажиллалаа. Дээрх зарчмуудтай холбоотойгоор төсвийн орлого, зарлагад холбогдох өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын гишүүд дэмжиж үр дүнд нь төсвийн тэнцлийг 180 тэрбум төгрөгөөр сайжруулж, төсвийн алдагдлыг ДНБ-ий 9.1 хувь болгон буурууллаа.
-Худлаа тоо баталдаг гэдэг дээр тодруулж асууя. Төсөвт тодотгол хийгээд, төсвийн хүрээний мэдэгдлийг батлахдаа ирэх оны эдийн засгийн өсөлтийг 2.3 хувь байна гэж тооцоолсон. Гэвч Монголбанкнаас өргөн барьсан мөнгөний бодлогын үндсэн чиглэлд эдийн засгийн өсөлтийг 2.8 хувь гэж тусгасан бол ирэх оны төсөвт энэ тоо 3 хувь болж мөн өөрчлөгдсөн. Өөр хэд хэдэн зөрүүтэй тоо ч байсан. Энэ тоонууд ижил болсон уу. Яагаад ингэж өөр өөрөөр тооцоолсон юм бол?
-Одоо бол ижил болсон. Монголбанкнаас өргөн барьсан мөнгөний бодлогын үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, ирэх оны төсвийн төсөл гээд бодлогын гурван баримт бичигт эдийн засгийн өсөлт, инфляцийн төвшин зөрүүтэй байгааг шүүмжилсэн. Яагаад гэвэл, Засгийн газар эдийн засгийн бодлогын нэг болох төсвийн бодлогоо боловсруулахдаа эдийн засгийн хоёр дахь бодлого болох мөнгөний бодлоготойгоо уялдуулах учиртай. Эдийн засгийн хоёр том бодлогыг хариуцаж байгаа хоёр байгууллагаас зөрүүтэй бодлого битгий хэл зөрүүтэй тооцоо ч орж ирэх учиргүй юм. Ийм учраас би УИХ-ын чуулганы хуралдаан дээр тоонууд зөрүүтэй байгааг анхааруулж хэлсэн. Өөрийн чинь эдийн засгийн өсөлттэй холбоотой асуултад хариулахад, Оюутолгойн бүтээн байгуулалт үргэлжилнэ, Тавантолгойн гэрээ хэлцэл хийгдэж, төмөр зам баригдана, Тавантолгойн асуудал цогц байдлаар шийдэгдэнэ зэрэгт үндэслэж эдийн засаг гурван хувиар өснө гэж тооцоолсон. Хэрвээ дээрх төслүүд хэрэгжихгүй бол эдийн засгийн өсөлт гурван хувьд хүрэхгүй.
-Яагаад ч хүрэхгүй юү?
-Тийм. Яагаад ч хүрэхгүй. Харин ч эдийн засгийн өсөлт хасах байх магадлалтай. Тийм учраас Засгийн газар том төслүүдийг явуулах тал дээр онцгой анхаарах ёстой. Жижиг жижиг эрх ашгууд том эрх ашигт бүү саад болоосой л гэж бодож байна.
-Төсвийн алдагдал 9.9 хувь гэж Засгийн газраас оруулж ирснийг 9.1 хувь болгосон гэлээ. Тэгвэл энэ алдагдлыг ямар эх үүсвэрээс нөхөх вэ?
-Төсвийн хэлэлцүүлгийн үед төсвийн алдагдлыг 180 тэрбум төгрөгөөр бууруулж 2.4 их наяд төгрөг болгосон. Энэ алдагдлын 1.4 их наяд төгрөгийг шинээр зээл авч санхүүжүүлнэ, үлдсэн 1 их наядын алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр нь урьд өмнө шийдэгдсэн гэж ойлгож болно. Тухайлбал гадаад зээлийн ашиглалт, төсвөөс эргэн төлөгдөх хөрөнгө оруулалт гэх мэт. Тогтворжуулалтын сангийн 330 тэрбум төгрөгийг өндөр хүүтэй үнэт цаас гаргахгүйгээр төсвийн тэнцлийг сайжруулахад ашиглана. Ингэснээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр Засгийн газрын оруулж ирсэн төсөвтэй харьцуулбал 510 тэрбум төгрөгөөр сайжирсан. Товчхондоо, төсвийн хэлэлцүүлгээр 510 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах шаардлагагүй болж, хүүгийн зардал 50 орчим тэрбум төгрөгөөр буурсан гэж ойлгож болно.
-Зээл авах тухай яриад л байгаа. УИХ-ын дарга урд хөршид айлчилж бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах тухай ярьсан. Гэхдээ валютын ханш нь ийм савлагаатай, эдийн засаг нь хямарсан, инфляц нь дефляц руу орчихсон ийм улс оронд хөнгөлөлттэй зээл олдох болов уу. Энэ тухай та чуулган дээр мөн хэлж байсан?
-ОУВС-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх нь зөв гэдэг байр суурийг би дэмжиж байгаа. Харин ч хугацаа их алдаж байна гэж үзэж байгаа. Монгол Улс 2008-2009 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг ОУВС-тай амжилттай хамтран ажиллаж байж даван туулж байсан. Тэр үед буюу 2010-2012 онд эдийн засгийн өсөлт 17.5 хувь хүрч байсныг хүмүүс мартаагүй л байх. Зарим хүмүүс ОУВС-г дайсан орж ирэх гээд байгаа юм шиг л ярих юм. Бодлогын алдаануудаа засаад, хямд хүүтэй зээлээ авах нь одоогийн нөхцөл байдалд илүү оновчтой шийдэл юм гэдэг байр сууринаас хандаж байгаа. Дахиад хэлье, ОУВС бол айгаад байх дайсан биш ээ, Монгол Улс өөрөө ОУВС-гийн гишүүн орон шүү дээ.
-Зээл олдохгүй гэж та хэлж байсан?
-Одоогийнх шиг зээлжих зэрэглэл уначихсан, төсвийн өндөр алдагдалтай, хөрөнгө оруулалт буурчихсан үед бага хүүтэй зээл олдохгүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 500 сая ам.долларын үнэт цаас гаргасан. Үндсэндээ ам.доллараар 11 хувийн хүүтэй зээл авсан ш дээ. Гэтэл 2012 онд “Чингис” бондыг дөрөв, таван хувийн хүүтэй л авч байсан. Яагаад гэхээр 2012 онд эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байсан. Зээлжих зэрэглэл ч өндөр байлаа. Одоо бол олон улсын зах зээлээс мөнгө босгоно гэдэг төвөгтэй. Харин ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлснээр Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, зарим донор орнууд зэргээс хөгжлийн зээл авах боломж нээгдэх юм.
-Нэг ойлгомжгүй зүйл байгаад байгаа юм. Тэр нь аль нэг орноос зээл авах, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэсэн хоёр хувилбарын аль нэгийг сонгох юм уу, эсвэл хоёуланг нь зэрэг хэрэгжүүлээд явах боломжтой юм уу?
-ОУВС-гийн хөтөлбөртэй нэгэн зэрэг Хятадаас ч байна уу, Японоос ч байна уу, бусад орнуудаас ч байна уу хөнгөлөлттэй зээл аваад явах боломж бий гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, Хятад ч ялгаагүй ОУВС-гийн гишүүн орон. Хятадын юань ОУВС-гийн багцад саяхан орчихсон. Ийм байхад Хятадын бодлого ОУВС-гийн бодлоготой зөрчилдөх үү? Үгүй. Хятад улс бол манай улсын хамгийн том худалдааны түнш. Манай улсын экспортын хамгийн том зах зээл. Хамтарч ажиллаж л таарна. Хоёулантай нь хамтарч ажиллахад юу нь болохгүй гэж. Ойлголцох асуудал дээрээ л нэлээд сайн ажиллах ёстой. ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг нь Монголын эдийн засгийн бодлогын алдаанууд засагдана, үзүүлэлтүүдийг сайжруулна, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоно гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бусад орнуудаас авах зээлийн хувьд ОУВС-тай хамтарч хэрэгжүүлэх хөтөлбөртэй зөрчилдөхгүй байхыг Засгийн газар зорилгоо болгон ажиллах ёстой.
-ОУВС-гийн төлөөлөгчид 10 хоногийн хугацаанд манай улсад ажилласан. Энэ үеэр УИХ-ын Байнгын хорооны дарга нартай уулзсан. Тантай уулзаад хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр ямар байр суурь илэрхийлэв?
-Уулзаад нэлээд дэлгэрэнгүй ярилцсан. Эдийн засгийн байдал, мөн хөтөлбөр хэрэгжсэн тохиолдолд ирэх дөрвөн жил ямар ажлууд хийж болох вэ гэдэг талаар ярьсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэлээд ажиглаж байна. Зарим хүн дэмжээд, зарим нь эсэргүүцээд байгаа. Эсэргүүцэж байгаа хүмүүс ер нь ОУВС гэж ямар байгууллага байдаг вэ гэдгээ мэдэж байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Их буруу ойлголттой яваад байгаа юм болов уу гэж бодож байна. ОУВС гэдэг нь дайсны талын цэргүүд биш. Бас манай талын цэргүүд ч биш. Монгол Улс өөрөө ОУВС-гийн гишүүн орон. Тэгэхээр эдийн засаг хямарсан үед хамтарч ажиллаад л явах ёстой. Миний хувьд олон жилийн турш ОУВС-тай хамтарч ажиллаж байсан. Ойлголцохгүйгээсээ ойлголцох үе нь хамаагүй их байсан. Тэгэхээр өөрийнхөө бодлогыг ОУВС-гийн ойлгох хэлээр нь, хүлээн авах агуулгаар нь л ойлгуулах шаардлагатай. Мөн ОУВС-гийн хэлж байгаа зүйлээс авах саналууд ч олон байдаг. Айгаад, зугтаад байх байгууллага бол ОУВС биш.
-Танай намын бүлгийн мэдээллийг сонссон. ОУВС-гийнхан манай улстай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх дээр хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Одоо харин манай улс дотооддоо шийдвэр гаргах дутуу байгаа юм биш үү?
-Угаасаа ОУВС-гаас гишүүн орон нь хөтөлбөр авъя гэхэд хэзээ ч үгүй гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр Монголын тал ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлнэ гэвэл бодлогын асуудлууд, хэрэгжүүлэх арга зам, хэрэгжүүлэх хугацаа, хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүд, санхүүжилтын хэмжээ гээд олон асуудлыг харилцан тохиролцох ёстой. Засгийн газар, Монголбанк хурдтай ажиллах шаардлагатай. Уг нь 2017 оны төсвийн төслийг оруулж ирэхээс өмнө ОУВС-тай хамтраад хөтөлбөр хэрэгжүүлэхээр болчихсон байсан бол хамгийн зөв шийдэл байсан юм.
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь тодорхойгүй, мөн Хятад эсвэл олон улсын байгууллага, бусад орноос хөнгөлөлттэй зээл авах нь тодорхойгүй байна. Тэгэхээр хэрвээ хөтөлбөрт хамрагдвал, эсвэл зээл авсан тохиолдолд төсөвт тодотгол хийж таарах уу?
-ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх тохиолдолд, мөн бусад оронтой төсөвт нөлөөлөх хэмжээний гэрээ хэлцэл хийж, хэрэгжүүлж эхлэхээр бол төсвийн тодотгол хийж таарна.
-Зээл авсан тохиолдолд нэг зүйл давхар яригдана. Тэр нь өрийн тааз. ДНБ-ий 85 хувьд хүргэхээр байгаа шүү дээ...
-Гадаад, дотоодоос авсан зээл эдийн засгийн болон төсвийн маш том дарамт болж хувирсан гэдгийг авсан зээлийнхээ хүүнд төлж байгаа мөнгөнөөс харж болно. Ирэх онд зөвхөн хүүнд 1.3 их наяд төгрөг төлнө гэж Засгийн газар оруулж ирж байна ш дээ. Энэ нь төсвийн орлогын тавны нэг гэсэн үг. Ийм учраас өрийн дарамт хэрээс хэтэрч байна гэж хэлээд байгаа юм. Төрийн байгууллагын ажиллагсдын цалинтай, эсвэл тэтгэвэр, тэтгэмжтэй бараг тэнцүү хэмжээний мөнгийг зээлийн хүүнд төлж байна. Энэ их зээлийн ихэнх нь өнгөрсөн дөрвөн жилд бий болсон. Энэ Засгийн газар одоохондоо зээл аваагүй байна. Гэтэл одоо байгаа зээлийн босго нь ДНБ-ий 82 хувьд хүрчихсэн байж байна.
-Ярилцагын эхэнд шинээр барих барилга, байгууламжид хөрөнгө төсөвлөөгүй гэж хэлсэн. Мөн зарим гишүүн тэвчиж болох зардалд оруулж нэлээд хэмжээний мөнгө хэмнэсэн гэсэн. Гэтэл төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу сайд нарын багц тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байсан?
-Зарим сайдын багц нэмэгдсэн. Гэхдээ тэр нь бүтцийн өөрчлөлттэй холбоотой юм. Жишээлбэл, хоёр яамыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгон нэгтгэснээр төсөв нь нэмэгдсэн. Ер нь бол төсвийн ерөнхийлөн захирагч болгоныг зардлаа хэмнэ гэж байгаа. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж зэрэг зардлаас бусдыг нь нэг хувиар хэмнэх шийдвэрийг гаргаад байна.
-Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын асуудал нэлээд яригдсан. Хэчнээн хэмжээний мөнгө хэмнэж чадсан бэ?
-Хөрөнгө оруулалтын зардлаас нийтдээ 60 орчим тэрбум төгрөг танагдсан.
-Төсөв хэлэлцэхтэй зэрэгцэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаад эргээд татчихсан. Энэ хуулийн төслөөр татварын хөнгөлөлтийн асуудал яригдсан. Үүнийг харахаар нэг бол татвар нэмнэ, нэг бол татвараас хөнгөлнө гээд байх юм...
-Яг энэ асуудал дээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг илүү анхаарах ёстой. Өнөөдрийн байдлаар нийтдээ 250 төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөөр 2016 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт олгогдож байгаа. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зарим татварын заалт саад болоод байгаа.
-Жишээлбэл?
-Нэмүү өртгийн татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны наадмын өмнө батлагдсан юм. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр. Тус хуульд жишээлбэл, байгууллага, аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгө бүрдүүлэхэд авсан хөрөнгийг нэмүү өртгийн албан татварын суутгалд оруулахгүй гэсэн байдаг. Тэгэхээр нэмэлт 10 хувийн ачаалал аж ахуйн нэгжүүдэд үүсчихээд байгаа байхгүй юу. Энэ бүгдийг нэг бүрчлэн авч үзэх хэрэгтэй.
-Ер нь бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдээ дэмжихгүйгээр эдийн засгаа сэргээнэ гэж байхгүй. Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлогын зохицуулалтууд хэр орсон бэ?
-Бизнесын салбарт төр оролцоод ирэхээр буруу болчихож байгаа юм. Тиймээс хамгийн түрүүнд төр эдийн засгийн орчноо, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээ сайжруулсан байх хэрэгтэй. Төсвийн алдагдлыг хэт өндөр батлаад гаргачихаар иргэд, аж ахуйн нэгжид очих зээл ховордчихдог юм. Яагаад гэхээр, Засгийн газар өөрөө арилжааны банкнаас бүх мөнгийг нь зээлчихдэг. Тэгэхээр зээл олдохгүй, ховор юмны үнэ өндөр байдаг тул зээлийн хүү өсөөд байгаа юм. Зээлийн хүүгээ буулга гэж мянга хашгираад нэмэргүй. Ийм учраас бодлогын алдаагаа засъя, төсвийн алдагдлаа бууруулъя гээд байгаа юм. Дээр нь татварын хууль эрх зүйн орчин ойлгомжтой, тогтвортой байх ёстой. Энэ бүхнийг төсөв, мөнгөний бодлогоор давхар шийдэж явах ёстой.
-Мөнгөний бодлогын тухай хэллээ. Тэгвэл ирэх оны төсөвтэй мөнгөний бодлогын үндсэн чиглэл хэр уялдсан байгаа вэ?
-Монголбанкны оруулж ирсэн байр суурийг үзэхээр төсвийн алдагдал өндөр байна гээд, мөнгөний бодлогыг хатуу байлгах бодлогыг санал болгосон. Үүнийг дэмжиж байгаа.
-Бодлогын хүү буух шинж байна уу?
-Том төслүүд хэрэгжээд, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирвал бодлогын хүү бууна. Цаг хугацааны асуудал. Зөв бодлогыг тууштай хэрэгжүүлж байж үр дүн гарна.
-Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд том төслүүдтэй холбоотой. Гэхдээ нэг их яригдахгүй байна. Эдийн засгийг сэргээх онцгой хөтөлбөрт энэ тухай туссан байна уу?
-Туссан. Том төслүүдээ явуулах, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд нэлээд хэдэн чухал санал байсан. Шүүмжлэх зүйл гэвэл зээлд дахиад л илүү анхаарал хандуулаад байх шиг байна. Яг эсрэгээрээ хувийн хэвшлээ Засгийн газар дэмжиж ажиллаж байж хямралаас гарна. Хувийн хэвшил амжилттай ажиллах салбарт төр хамраа ч цухуйлгаад хэрэггүй.
-Та Засгийн газрыг нэлээд шахаж ажилладаг хүн. Тэгвэл өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Засгийн газар хэр ажилласан гэж дүгнэж байгаа вэ?
-Алдаа, оноо дунд л явж байна. Авч хэрэгжүүлж байгаа бодлогоос гарах үр дүнгээ нэг бүрчлэн тооцохгүй байна уу даа гэж харж байна. Тийм учраас нэлээд хэдэн алдаа гаргасан. Хоёрдугаарт, эдийн засгийн байдал ийм хүнд үед Засгийн газарт жаахан хурд дутаад байгаа зүйл ажиглагдаж байна. Онож байгаа зүйлүүд ч бий. Жишээлбэл, бодлогын төвшинд ярьж байгаа зүйлүүд дээрээ нэлээд шийдэмгий байх шиг байна. Харин ямар цаг хугацаа зарцуулахыг нь сайн мэдэхгүй. Нөгөөтэйгүүр, яг одоо үнэлгээ, дүгнэлт өгөхөд эрт байна. Хэлж ярьснаар нь дүгнэдэг цаг үе өнгөрчихсөн. Үр дүнгээр нь дүгнэх ёстой. Аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал сайжирсан уу, эдийн засаг тогтворжсон уу, ажлын байр нэмэгдсэн үү, ард иргэдийн амьдрал сайжирсан уу гэдгээр л эцсийн дүгнэлтийг хийнэ. Энэ хэд нь муудаад байхаар сайн гэж дүгнэх ямар ч боломжгүй шүү дээ. Эсвэл энэ үзүүлэлтүүд нь сайжирсан байхад муу ажилласан гэж хэлээд байх утгагүй. Алдаа нь бага, оноо нь их байгаасай л гэж хүсч байна.
“НАМАЙГ САНГИЙН САЙД БОЛ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ. ХОЁРДУГААРТ, БИ ӨӨРӨӨ САЙД БОЛЪЁ ГЭЖ ГҮЙГЭЭГҮЙ”
-Төсвийн асуудлаас хазайгаад жаахан улстөржсөн цөөн асуулт асуух гэсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэг удаа “чөтгөрийн тойрог” гэж байгаад нэг үг хэлсэн. Юу гэхээр, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёр нийлж байгаад төсвөө батлуулдаг гэж хэлж байсан. Энэ үгийг нэг их сайн ойлгоогүй?
-Ц.Нямдорж андуурсан байна лээ. Яагаад гэхээр, намайг 2012-2016 онд УИХ-ын АН-ын бүлгийн гишүүдтэй нийлж төсвөө хийдэг, ажлын хэсгийн гишүүн гээд ойлгочихсон юм шиг байна лээ. Би МАН-ын бүлгээс байгуулагддаг ажлын хэсэгт орж эрх баригчдын оруулж ирсэн төсвийг нэлээд шүүмжилдэг байсныг та бүгд сайн санаж байгаа байх. Гэхдээ зөвхөн шүүмжлэх байр сууринаас байнга хандаж байгаагүй. Төсвийн бодлого, мөнгөний бодлого нь буруу яваад байсан учраас тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар дээр Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа бид нар орж эдийн засгийн бодлого дээр чинь ийм ийм алдаанууд гараад байна, ингэж засмаар байна гэсэн санал өгч, бүтэн цаг 30 минут тайлбарласан.
-Таны саналыг хүлээж авсан уу?
-Аваагүй ээ. Хэрвээ бодлогын алдаануудаа хоёр, гурван жилийн өмнө зассан бол өнөөдрийнх шиг ийм хямрал нүүрлэхгүй л дээ. Төсөв, зээлийн мөнгийг бодлогогүй, хамаагүй цацлаа гээд тэд нар сонгуульд ялсан юм алга. Хоёрын хооронд жижиг эрх ашгаар төсөвт хандчихаар эцсийн үр дүн сөрөг гардаг гэдгийг би мэдэхийн дээдээр мэддэг юм аа.
-Та 2008 онд Төсвийн байнгын хорооны дарга байсан байх аа?
-Тийм. Нэг жил Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаад, ЗГХЭГ-ын дарга болж байсан. Тэр үед мөн ялгаагүй төсвийг танаж л байсан. Дараа жил нь Засгийн газрын гишүүн болоод явчихсан. Тэгэхээр Ц.Нямдоржийн хэлсэн шиг зүйл болж байгаагүй гэдгийг л хэлье дээ.
-Та Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай. Дээрээс нь эдийн засагч хүн. Засгийн газар байгуулагдахад тэр тусмаа таныг Сангийн сайд болох байх гэж олон хүн таамаглаж байсан. Та яагаад Сангийн сайд болоогүй юм бэ?
-Нэгдүгээрт, намайг Сангийн сайд бол гэж хэлээгүй. Хоёрдугаарт, би өөрөө сайд болъё гэж гүйгээгүй. Өмнө нь Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний сайд, ЗГХЭГ-ын дарга гэсэн албан тушаалыг хашиж явсан. Ингэхдээ нэгэн дээр нь ч энэ ажлыг хиймээр байна, би дарга болмоор байна гэж энэ насандаа нэг ч хүнд хандаж үзээгүй. Тухайн үед Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга болоход “Манай улс ОУВС-тай ойлголцож хөтөлбөртэй болмоор байна, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаа гацаатай байна” гэсэн үндэслэлээр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга болооч гэж тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр хэлж байсан. Анх санал тавихад нь татгалзаж байсан. 2007 онд найзуудтайгаа зааланд тоглочихоод гэр рүүгээ орж явахад тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр утасдаад чамайг Эрчим хүчний сайд болгомоор байна гэсэн. Тэгэхэд нь "Би эрчим хүчний мэргэжлийн хүн биш, эдийн засагч хүн. Тэгэхээр наад ажлыг чинь хийж чадахгүй байх аа" гэж хэлж байсан.
-Гэхдээ Эрчим хүчний сайд болсон биз дээ?
-Тэгэхэд С.Баяр дарга “Эрчим хүчний мэргэжлийн хүн хангалттай байгаа. Гэхдээ эрчим хүчний салбарын эдийн засаг, санхүүгийн байдал амаргүй байгаа учраас эдийн засагч хүнийг Эрчим хүчний сайдаар тавимаар байна” гэж хэлж байсан юм. Мөн Сү.Батболд Ерөнхий сайд болчихоод намайг дуудаад, хамтарч ажилламаар байна гэсэн. Ингэснээр ЗГХЭГ-ын дарга болсон.
-Энэ удаагийн УИХ-д ч гэсэн Төсвийн байнгын хорооны дарга болооч гэж санал тавьсан уу?
-Тийм. Манай намын Удирдах зөвлөл дээр намын дарга орж ирээд Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Хүрэлбаатарыг томилуулах саналтай байна гэдэг санал хэлсэн. Тэгээд л Байнгын хорооны дарга болсон доо.
Сэтгэгдэл (4)