АНУ-ын Сан Франциско хотод 2015-2017 онд амжилттай зохиогдсон “Чингис” шатрын клубийн нэрэмжит “Chinggis Invitational” дөрөвдэх удаагийн тэмцээн Монгол Улсад өчигдөр эхэллээ.
Уг тэмцээн манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа А зэрэглэлийн тэмцээн юм. Тэмцээнд 2500-гаас дээш чансаатай шатарчдыг урьж оролцуулдаг байна.
А зэрэглэлийн дэлхийн шилдэг их мастеруудын тэмцээний нээлт энэ сарын 8-нд болсон юм. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар "Шатрын спортыг Монгол Улсад хөгжүүлэхэд энэ тэмцээн өндөр ач холбогдолтойг онцлоод их мастеруудад амжилт хүссэн юм. Мөн тэмцээнийг тодорхой хуваарийн дагуу олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй үзүүлж байгаа нь олон улсын шилдэг их мастеруудын тоглолтыг дэргэдээс нь үзэж, туршлага судлах сайхан боломж болж бүрдэж байна" гэлээ.
Тус тэмцээд Монгол, Энэтхэг, Азербайжан, ОХУ, АНУ-ын 10 шатарчин өрсөлдөж байгаа юм. Монгол Улсыг төлөөлж гавьяат тамирчин, улсын дөрвөн удаагийн аварга, их мастер Ц.Батчулуун, 2018 оны улсын аварга С.Билгүүн, Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Ц.Лхагвасүрэн нар оролцож байна.
Дэлхийн А зэрэглэлийн уг тэмцээний хамгийн өндөр чансаатай тамирчин нь АНУ-ын хамгийн залуу их мастер Рэй Робсон аж. “Chinggis Invitational” тэмцээний аваргууд энэ сарын 16-нд тодорно.
Р.Хишигжаргал