МУИС-ийн оюутнуудын төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор уг сургуулийн 17 мянган оюутны төлөөлөл өнөөдөр сургуулийнхаа нэгдүгээр байрны гадаа тайван жагсаал зохион байгуулж байна.
Энэ талаар Монголын оюутны холбооны тэргүүн “Мэргэжлийн болон мэргэжлийн бус суурь хичээлүүдийн төлбөр 19.9-24.7 хувь хүртэл нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл энэ нь нэг жилд 800-1 сая төгрөгийн хооронд төлбөр нэмэгдэж байна. Би одоо Бизнесийн ухааны сургуулийн гуравдугаар курст суралцдаг. Намайг анх шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны сургуульд суралцахаар ороход нэг кредитийн төлбөр 86 мянган төгрөг байсан одоо шинжлэх ухааны сургуулийн төлбөр 100 гаруй мянга болж нэмэгдсэн. Курс ахих тусам сургуулийн төлбөр багасдаг гэсэн ойлголт манай сургуульд эсрэгээрээ юм шиг байгаа” гэлээ.
Мөн тэрбээр “Жилээс жилд төлбөрийн асуудлаар оюутнууд жагсдаг ч хичээл сонголтыг хаачихдаг. Яагаад гэвэл оюутнууд төлбөрөө төлж хичээл сонголтоо хийж хичээлдээ суух боломжтой болдог. МУИС-ийн энэ жилийн хичээл сонголт ирэх нэг дэх өдөр буюу 27-нд эхлэх байсан ч сургуулийн удирдлагуудын зүгээс албан ёсоор мэдэгдэлгүйгээр гурван хоногийн өмнө буюу 24-ны 12 цагаас болгон өөрчилж байгаад гайхаж байна. 27-ны хичээл сонголтоос өмнө буюу 24-нд жагсаал хийж байхад ийн өөрчиллөө. Бид үүнийг жагсаалд олон оюутныг хамруулж цуглуулахгүй, тайван жагсаалыг нураах гэсэн оролдлого гэж үзэж байгаа. Бид тэмцлээ үргэлжлүүлж Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд мэдэгдэхээс гадна өөр байж болох бүхий л арга хэмжээг авна. МУИС-ийг төлбөрөө нэмэхдээ имфляцийн төвшинтэй уялдуулж нэмдэг мөн нийт оюутнууддаа яг юу хийх гэж байгаагаа танилцуулж, төсвөө танилцуулдаг байгаач гэж хүсч байна” гэлээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)